О.Анужин
09 сарын 09, 2026
Хиймэл оюун салбар бүрд нэвтэрч, хүн төрөлхтөн хэдэн мянганы турш хариултыг нь олоогүй олон асуултын учгийг тайлахад тусалж байна. Түүний нэг нь амьтдын ертөнц юм.
Салбарын экспертүүд 2030 он гэхэд амьтдын хэлийг ойлгох технологиуд эхнээсээ гарч эхэлнэ хэмээн үзэж байна.
Тухайлбал, “National Geographic”-ийн судлаач, доктор Дэвид Груберийн удирдаж буй CETI хэмээх төсөл өнгөрсөн таван жилийн хугацаанд кашалот халимуудын харилцан яриаг судалж, тайлан унших туршилтыг хийж байна.
Төслийн хүрээнд хэл шинжлэл, роботик, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарын мэргэжилтнүүд нэгдэн, халимууд хоорондоо хэрхэн харилцаж буй дууны долгионыг баримтжуулж, “Кашалот халимын цагаан толгой”-г бүтээж байгаа гэнэ.
Уг төслийг хүн болоод амьтдын ертөнцийн дунд гүүр болох хамгийн ирээдүйтэй төслөөр нэрлэж байгаа юм.
Түүнчлэн, “Nature Ecology and Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн бас нэгэн сонирхолтой судалгаагаар Африкийн заанууд нэгнээ хүнтэй адил нэрээр нь дууддаг болохыг тогтоожээ.
Африкийн Кени улсын Самбуру нутгийн заанууд дээр хийгдэж буй уг туршилт зааны бүрээдэх чимээг бичин авч, эх өгөгдлийг хиймэл оюунаар боловсруулж, заан бүүр биесээ дуудахдаа ялимгүй өөр өөр акустик бүтэцтэй чимээ гаргаж буйг олж мэджээ.
Судалгааны багийнхан бичиж авсан чимээгээрээ эргээд зааныг дуудахад хариу үйлдэл үзүүлж, дуудсан зүгт явсан нь мөн баталгаа болсон гэнэ.
Үүнтэй адил төстэй туршилтууд дэлхийн өнцөг бүрд олон төрлийн амьтад дээр хийгдэж байна. Хиймэл оюун асар их хэмжээний дуу авиа, зан үйл, хөдөлгөөний дата өгөгдлийг нэгэн зэрэг боловсруулах боломж олгож байгаа нь судлаачдын өмнө нь анзаарч байгаагүй амьтдын зан үйлүүдийг олж харах боломж өгч байна.
Эдгээр туршилтад үндэслэн удахгүй бид амьтдын хэлийг ойлгодог, мэддэг, хэрхэн сэтгэдгийг нь хүртэл танин мэдэх боломжтой болж байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.