ЖЕНЕВ. /NHK/. Хиймэл оюун ухаанаар удирддаг зэвсгийн талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг явуулахыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Зэвсэглэлийг бууруулах асуудал эрхэлсэн төлөөлөгч Изүми Накамицү уриалсан байна.

И.Накамицүгийн хэлснээр, хиймэл оюун ухаан болон өөр бусад технологиор тоноглосон зэвсгүүд нь асар их хэмжээний нөлөө үзүүлэх чадалтай бөгөөд энэ төрлийн төхөөрөмжүүдийг шийдвэр гаргахыг зөвшөөрөх талаарх асуудлуудыг олон нийт дэвшүүлэх болсон ажээ. 

Хэрэв энэ төрлийн зэвсэг хяналтаас гарсан тохиолдолд зөрчил мөргөлдөөн асар хурдацтайгаар даамжирч болзошгүйг И.Накамицү анхааруулжээ. Гэсэн хэдий ч тэрбээр энэхүү технологийг энгийн иргэдийг амь насыг аврах чиглэлд ашиглаж болохыг үгүйсгээгүй байна. 

Хиймэл оюун ухаант зэвсгийн талаарх хэлэлцээнд оролцогчдыг зөвхөн Засгийн газрын төлөөлөгчдөөр хязгаарлагдах бус компаниуд, инженерүүдийг оролцуулах шаардлагатайг тэрбээр мөн онцолжээ. 

Ирэх онд НҮБ Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээг дахин нягтлах бага хурлыг зохион байгуулна. 2015 онд зохион байгуулсан бага хурлын үеэр талууд зөвшилцөлд хүрч чадаагүй байна. 

Хэрэв энэ удаагийн уулзалт дахин үр дүнд хүрч чадахгүй бол санал зөрөлдөөн улам нэмэгдэх магадлалтайг Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч онцлон тэмдэглээд, ийм нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг