Л.Дэлгэрмаа
08 сарын 23, 2026
Малчин өрхийн хувьд нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд Улаанбаатар хүртэл хэдэн зуун километр замыг туулдаг. Ирлээ ч гэсэн нэмээд байр, хоол гээд чамгүй зардал гарна. Нэмээд эмнэлгийн дугаар авч, шинжилгээ хийлгэх амаргүй үе шаттай ч нүүр тулгарна.
Тиймээс эмч нарын баг иргэндээ хүрч очих нь орон нутагт хавдрын эрт илрүүлэг хамгийн үр дүнтэй, хүнээ бодсон ажлын нэг билээ.
Энэ жилийн “Хавдрын эсрэг үндэсний аян” Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн дараа Дорнод аймагт боллоо. Аяныг ХААН Банкны санхүүжилт, дэмжлэгтэйгээр Хавдар судлалын үндэсний төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз хамтран хэрэгжүүлж буй.
Видео үзэх:
Дорнод аймагт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна
2025 онд тус аймагт хорт хавдрын 220 гаруй шинэ тохиолдол оношлогдсон байна. Дийлэнх нь хожуу шатандаа илэрсэн гэх харамсалтай мэдээ ч сонсогдоно. Ялангуяа элэгний хорт хавдар анхаарах асуудлын нэг хэвээрээ аж.
Хавдрыг хожуу шатанд оношлуулахад зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчийн хүрэлцээ бус иргэдийн эрүүл мэндийн боловсрол ч нөлөөлж байгаа эмч нар хэлж байв.
Аяны хүрээнд ХСҮТ-ийн эмч нар Дорнод аймгийн удирдлагуудтай уулзаж, хавдрын өвчлөл, нас баралт, тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл болон эрт илрүүлгийн талаар хэлэлцлээ.
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы сургаар 200 км зам туулж, өглөөний 05:00 цагаас дугаарласан хүмүүсийн урт цуваа үүсчээ.
Хамгийн холоос ирсэн нь 200 орчим километрийг туулан иржээ. Тэд Улаанбаатар хотод гурван сар тутам хяналтад ордог ч ХСҮТ-ийн эмч нар Дорнодод ирснийг сонсоод олзуурхан ирсэн гэнэ.
“Хот руу 600 километр явж үзүүлэх биш, энд 200 километр ирээд үзүүлээд очно. Бензин тос ийм үнэтэй байгаа үед бидэнд хөнгөлөлт болж байна.” гэж байв.
Энэ удаагийн “Хавдрын эсрэг үндэсний аян”-аар 1512 иргэнийг үзлэгт хамруулж, 11 хорт хавдрыг шинээр илрүүлэв
Үзлэгээр мөн:
хавдрын урьдал өвчин — 61
шинээр илэрсэн хорт хавдар — 11
хорт хавдрын сэжигтэй тохиолдол — 20
хоргүй хавдар — 421
бусад өвчлөл — 662
тохиолдлыг илрүүлсэн байна. Мөн 132 хяналтын үзлэг хийж, 211 эсийн болон 21 эдийн шинжилгээ хийжээ.
Гэхдээ энэ удаагийн аянаар ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нар Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай хамтран хэд хэдэн мэс заслыг орон нутагт хийсэн нь аяны онцлох үр дүнгийн нэг байлаа.
Тухайлбал ходоодны хорт хавдартай өвчтөнд ходоод бүрэн тайрах мэс заслыг Дорнод аймагт хамтран хийжээ. Мөн бамбайн сувгийн уйланхай авах, чихний ойролцоох шүлсний булчирхайн хэсгийг тайрах, нүүрний мэдрэлийг хадгалан тунгалгийн булчирхайд мэс ажилбар хийх зэрэг төрөлжсөн тусламжийг газар дээр нь үзүүлэв.
“Хавдрын эсрэг үндэсний аян” 16 жилийн турш хэрэгжихдээ нийт 142 мянган иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж, хавдрын болон хавдрын эрсдэлтэй 720 гаруй тохиолдлыг илрүүлэн, 550 гаруй өвчтөнд шуурхай мэс заслын тусламж үзүүлж иржээ.
Сонирхуулахад Дорнод аймаг нь тус аян өрнөсөн 3 аймгийн нэг бөгөөд нийт 34 хорт хавдрыг илрүүлсэн аж.
ХААН Банк энэ хугацаанд а6янд 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж иргэдийн эрүүл мэнэд хөрөнгө оруулаад байгаа юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.