Хар ус нуурын орчмоос таван машин архи, ундааны шил түүж зайлуулжээ

Х.Оргил
12 сарын 09, 2018

Ховд хотын хэмжээнд хог хаягдлын 80 хувийг архи, ундааны сав, пивоны лааз эзэлдэг, үүнийг ангилан ялгаж, тухайн дэлгүүрт нь буцааж тушаадаг болгох талаар удаа дараа хурал, зөвлөлгөөн дээр ярьдаг боловч хэн ч үүнийг хэрэгжүүлэлгүй өдий хүрсэн байна.

Ховд аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаан дээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар “ Архи, пиво зардаг зөвшөөрөл лицензтэй томоохон супер маркетууд худалдаж борлуулсан архи, пиво, ундааны савыг буцааж худалдаж авдаг байх санал тавьж байсан юм”. Мөн Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа ”Дор хаяж  архи, пиво, ундааны шилээ хагалж хог болгохгүй бүрэн бүтнээр нь байлгаж ойролцоо хогийн саванд хийж хэвших, пиво ундааны сав, илүүдэл цаасыг гялгар уут болон тамхины иш хогийн саванд хийдэг болгох нь чухал. Хятадын Хунань мужийн нутаг Жанжажэ хотод очиж нүдээрээ үзээд ирсэн хүн тэнд хогийн саваа савандаж угааж байна, ганц ширхэг тамхины иш, гялгар уут алга байна" гэснийг зориуд тэмдэглэе.

Ховд аймгийн хувьд хамгийн үзэсгэлэнт газар Хар ус нуурын орчмоос өнгөрсөн намар таван машин архи, ундааны шил ачиж цэвэрлэсэн байдаг. Архины шил хотын төвөөр хязгаарлагдахгүй үзэсгэлэнт байгаль, гол усыг бохирдуулж байна.

Тэгвэл Ховд хотын хогийг нийтэд нь менежементийг нь шийдэж чаддагүй юм гэхэд олны танил томоохон супермаркетуудын эздийг дуудаж уулзаад, тухайн дэлгүүрүүдэд архи, пивоны савыг буцааж авч, өөрсдөө түүнийгээ зохицуулдаг болгож хэвшүүлмээр байна гэдэг саналыг  иргэд олон удаа тавьж байна.

Ганц манай аймаг ч биш, бусад бүх аймаг сумдад архи зардаг дэлгүүрүүдийн борлуулсан архи, ундаа, пивоны шил сав хог хаягдлын хүрээг тэлж, орчныг бохирдуулах гол эх үүсвэрүүд болж байгаад хууль, журмын хүрээнд зохицуулах цаг болжээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.