Б.Баясгалан
04 сарын 20, 2021
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өчигдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элч Ким Гуан Шин, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмжөөр Улаанбаатар хотын ус хангамжийн шугам сүлжээг цэвэрлэх, зэвийг арилгах төслийг нэвтрүүлэх талаар ярилцав.
Тодруулбал, 2018 онд Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ус, дулаан дамжуулах төвийн 12 байрны 671 өрхийн 3047 хүн ам, 72 аж ахуйн нэгж, байгууллагыг хангадаг хүйтэн усны 469 метр урт шугам сүлжээний зэвийг азотын хий ашиглан арилгах туршилтыг амжилттай туршсан байна.
Туршилтын үр дүнд шугам угаахаас өмнө усан дахь төмрийн агууламж 0.027 мг/л байсан нь 0.015 мг/л болж, өнгө булингарын агууламж багасаж, айл өрхийн цоргон дахь усны даралт нэмэгджээ.
Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон БНСУ-ын “Сеннипан” ХХК 2020 оны нэгдүгээр сард Хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Орон сууцны байруудын дундах халуун, хүйтэн усны инженерийн шугам сүлжээний зэв хагийг арилгахад хамтарч ажиллах юм.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдалд анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.68.76] ・ 2021.05.05 Хариулах
ШУГАМ СОЛИХООХ ИХ ЗАРДАЛТАЙ ГЭЭ БИЗДЭЭ