Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөний биелэлт, явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар батлагдсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны хоёрдугаар улирлын үнэлгээг удирдамжид заасны дагуу нээлттэй тендерт шалгарсан төрийн бус байгууллага хийж гүйцэтгэжээ. 

Зөрчлийн мэдээлэл оруулж буй хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг хөнгөвчлөх, мэдээллийн хурд, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглал” төслийн дэмжлэгтэйгээр зөрчлийн мэдээлэл бүртгэх гар утасны программ хангамжийг боловсруулж, ажиглалтад оруулсан байна. “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хоёрдугаар улирлын төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байгаа аж.

Энэ үеэр Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдаан нь хотын ажлыг идэвхжүүлэх зорилготой уралдаан. Хүнийхээ аюулгүй байдлыг хангасан, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр бид зорьж ажиллаж байна. Бид нэг хотод амьдарч байгаа бол нэг стандартыг мөрдөх ёстой. Амжилттай оролцсон дүүрэг, хороодыг урамшуулж, хариуцлагагүй оролцсоныг нь олон нийтэд нээлттэй зарла. Ажлаа хийж чадахгүй байгаа дүүргийн удирдлагуудыг мөн зарлах хэрэгтэй” гэлээ.


Олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарт урамшуулал олгоно

Мөн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарын ажлын явцын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.

Нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлэх, зөрчил үйлдсэн этгээдэд торгох шийтгэл ногдуулах, хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сануулга өгч, хариуцлага хүлээлгэх, хотын соёлыг түгээж аюулгүй орчныг бүрдүүлэх, цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн 173  хороодын 1692 хэсгийн ахлагчаас 982 хэсгийн ахлагч олон нийтийн цагдаагийн эрх авч ажиллаж эхэлсэн. 

Өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт  41506 зөрчил, Хан-Уул дүүрэг 39564 зөрчил, Баянгол дүүрэгт 34288 зөрчил, Чингэлтэй дүүрэгт 16521 зөрчил, Баянзүрх дүүрэгт 9099 зөрчил, Налайх дүүрэгт 5463 зөрчил тус тус илрүүлж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэн ажилласан байна.

Олон нийтийн цагдаагийн эрх аваагүй хэсгийн ахлагч нарыг нэмж ажиллуулж, нэг хэсгийн ахлагчид ногдох зөрчил илрүүлэлтийн тоо, ажлын ачааллыг бууруулах, улиралд олгож буй урамшууллыг сар бүр олгох саналтай байна” гэдгээ Төрийн захиргааны удирдагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулгадаа онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн ахлагч нарын хэрэг зөрчил илрүүлсэн тоо, иргэдэд шаардлага тавьж хэв журам сахиулсан энэ дүнг хараад нэг талдаа баярлаж байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэн бүр хотоо хайрлах ёстой. Ард иргэд маань нийслэлийн зүгээс хийж байгаа ажилд санаачилга, идэвхтэй оролцож байгаад талархалтай байна. Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын төлөө ажиллаж байгаа олон нийтийн цагдаа нарт урамшуулал олгох саналыг дэмжинэ” гэлээ.

Мөн “Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан асуудал гарсан. Сургууль, цэцэрлэг барих газар хомс байхад ийм замбараагүй асуудал үүсгэдэг байж таарахгүй. Хариуцлагагүй ажиллаж байгаа хүмүүстэй холбогдох журмын дагуу хариуцлага тооцож ажиллана. Ийм байдалтай ажил хийхгүй” гэдгийг холбогдох албан тушаалтнуудад онцгойлон анхааруулж хэлсэн юм.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн ахлагч нарын 2020 оны хоёрдугаар улирлын урамшууллыг холбогдох журмын дагуу шийдвэрлэхээр болов.