Крипто зах зээл Монголд тэсрэлт хийж, хөрөнгө оруулалтын гол бүтээгдэхүүний нэгд хэдийнээ хүлээн зөвшөөрөгдөөд байна. Насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь крипто хөрөнгө эзэмшиж байгаа нь тун богино хугацаанд Монголын хөрөнгийн зах зээлд том байр эзэлсний нотолгоо болж байна. 

Шинэ зах зээлийн талаар мэдлэггүй улс төрчид, үл итгэгчид үүнийг хурдан баяжих хүсэл, луйврын системтэй хольж хутган тайлбарлахыг оролдож байгаа нь маш том эндүүрэл.  Энэ бүхний цаана, эдийн засгийн эргэлт, хэн нэгэн хүний зогсоож чадахгүй эрэлт хэрэгцээ байна. 

Тухайлбал, цар тахлын улмаас дэлхийн эдийн засгийн залагч томоохон төв банкууд, түүний дотор АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлснээр инфляц огцом өсөж, иргэдийн эд хөрөнгө үнэ цэнээ их хэмжээгээр алдаж байна. Энэ нь өнөөгийн мөнгө, санхүүгийн тогтолцоонд хүмүүс итгэл алдрах гол шалтгаан болж байгаа юм. Монголд ч энэ нөхцөл байдал давтагдаж буй. 

Харин блокчэйн технологи, криптовалют нь хүн төрөлхтөнд санхүүгийн үсрэнгүй дэвшилтэт дэд бүтэц, уян хатан, хязгааргүй боломжийг санал болгож байгаа билээ. Угаас хөрөнгийн зах зээл дээр бүгд хожих боломжгүй. Гэхдээ бүхэлд нь буюу том зургаар нь харвал койнууд нь гадаадын зах зээл рүү валют урсах, үндэстний баялгийн үнэ цэнийг хамгаалах хамгийн зохистой хэрэгсэл болж байна.

Гагцхүү харлуулж, үгүйсгэхээс илүүтэй шинэ зах зээлийн талаар үнэн бодит мэдээллийг түгээх нь чухал. 

Ялангуяа, сүүлийн үед “биржийн койнууд” эрэлт ихтэй, тогтвортой өсөлт үзүүлж байна. 

Шинэ бөгөөд эрх чөлөөтэй хөгжиж буйн хувьд крипто зах зээл нь их мэдрэг, ханшийн өөрчлөлт ихтэй тал бий. Гэвч тэдгээрийн дотроос BNB, CRO, Kucoin, Cake зэрэг койн харьцангуй ханшийн савлагаа багатай, өсөлт нь тогтвортой байгаа нь тэдгээрийн ард найдвартай крипто биржүүд ажиллаж байгаатай нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид арилжаа хийснийхээ хэрээр тэдгээр биржээс нэмэлт өгөөж хүртэх боломжийг бүрдүүлж байгаа нь гол давуу тал юм.  

Монголд ч энэ тренд ажиглагдаж байна. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа Trade.mn, Coinhub.mn биржүүд нь өөрсдийн койныг зах зээл дээр амжилттай гаргаад буй. Мөн шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа Corex, DEX.mn, Ebit.mn, Mycoin.mn, Zoos.Digital биржүүдийг нэрлэж болно. Үүнээс хамгийн залуу бирж Crypto барьцаалсан зээлийн үйлчилгээтэй Монгол хөгжүүлэгчдийн гаргаж буй “Зоос Дижитал Эксчэйнж” нь өөрсдийн ZOOS товчлол бүхий койноо санал болгож байна. 

Боломж хэдий чинээ их байна эрсдэл төдий чинээ байна. 

Крипто биржүүд борооны дараах мөөг шиг олноор үүсэн байгуулагдаж байгаа нь олзны хөөсөн хошуурал гэж урьдчилан дүгнэж болохоор байна. Үүнээс тухайн биржийг хэн, ямар туршлагатай баг бүтээж хамгийн сайн гүйцэтгэлийг үзүүлж, технологийн шийдлийг бий болгож байгаараа ялгарч үлдэх нь ойлгомжтой. 

Улсын бүртгэлийн мэдээллийг шүүж үзэхэд зөвхөн “койн” үгийг нэрэндээ багтаасан компани 58 олдож байна. Тиймээс крипто зах зээлийн харьцангуй эрсдэл багатай хөрөнгө оруулалт хэмээн биржийн койнуудыг урьдаар судалж үзэхийг санал болгож байна.  

Крипто зах зээл нь өөрөө технологийн хөгжлөөс шууд хамаарсан ертөнц тул крипто биржүүдийн технологийн баталгаатай байдал нэн чухал. Үүнийг дагаад мэдээллийн аюулгүй байдал, програм хангамжийн архитектур, ашигласан технологи, хувь хүний нууц, хөрөнгийн халдашгүй байдал зэрэг асуудлууд хөндөгддөг. 

Мөн биржийн ачаалал даах чадамж, тасралтгүй ажиллагааг орхигдуулж болохгүй. Олон удаагийн IEO, хоёрдогч зах зээлийн нээлтээр манай зарим бирж ачааллаа дийлэхгүй гацсан, хүмүүсийн мөнгийг урт хугацаанд түгжиж, хүлээлгэсэн тохиолдлууд гарсан. 

Энэ бүхний үр дүнд хөрөнгө оруулагч үнэтэй цаг хугацаа, боломжоо алдаж байдаг тул ийм байдал олон дахин давтагдах нь биржид итгэх итгэлийг унагадаг. Итгэлцэл бол крипто зах зээл дээр үнэ тогтоход хамгийн их нөлөөлж буй үнэ цэн билээ.