Ирэх даваа гараг буюу зургаадугаар сарын 01-нээс нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орно. Тодруулбал, Нийслэлийн засаг даргын өнгөрсөн онд гаргасан захирамжаар дээрх байгууллагуудын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цаг байхаар тогтоосон.

Тус захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэжээ.

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн төр, захиргааны байгууллагаар үйлчлүүлж, даргын зөвшөөрөл авах, тамга даруулах, гарын үсэг зуруулах гэх мэт бичиг цаасны ажлаа эрт амжуулах шаардлага иргэд, аж ахуй нэгжүүдийн өмнө байнга тулгамддаг тул тэдний ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор уг захирамжийг баталсан аж.

Иймд ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт дуусна.