peak.mn
11 сарын 05, 2018
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиуд 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хуулийн танилцуулга болон холбогдох инфографикийг Та бүхэнд цувралаар хүргэж байна.
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/ ХУУЛЬ
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын21-нийөдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан.
Уг хуулиар хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсан, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэх болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд болон эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа, мэдээлэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Хууль 8 бүлэг 28 зүйлтэй.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад дараах зарчмын асуудлыг шинээр тусгасан:
1. Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн өөрчиллөө. Ингэснээр хуулийн этгээдийг дор дурдсан хэлбэрээр улсын бүртгэлд бүртгэнэ:
-нөхөрлөл;
-компани;
-холбоо /төрийн бус байгууллага/;
-сан;
-хоршоо;
-шашны байгууллага;
-нийтийн эрх зүйн хуулийн этгээд;
-төрийн байгууллага, албан газар;
-улсын төсөвт үйлдвэрийн газар;
-аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар.
2.Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хөнгөвчлөх зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг цахим хэлбэрээр авах, лавлагааг цахим хэлбэрээр өгөх, цахим гэрчилгээ олгох, хуулийн этгээдийн нэр авах хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах зэрэг зохицуулалтыг хуульд тусгалаа. Ингэснээр иргэн, хуулийн этгээд дээр дурдсан үйлчилгээг цахим хэлбэрээр, эсхүл цаасан хэлбэрээр сонгон авах боломжтой болсон.
3.Улсын бүртгэл хийхдээиргэн, хуулийн этгээдээс хуульд тухайлан заагаагүй баримт бичиг авч ирэхийг бусад дүрэм, журмын хүрээнд шаарддаг байсныг өөрчлөн зөвхөн хуулиар тогтоосон баримт бичгийг шаардахаар зохицуулсан.
4.Зарим төрлийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлэх хугацаа тодорхойгүй байснаас иргэн, хуулийн этгээдийг чирэгдүүлдэг байсан тул хуульд хугацааг тодорхой зааж өгөх, зарим төрлийн үйлчилгээ, тухайлбал, хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга тэмдгийг дахин авах зэрэг асуудал хуулийн зохицуулалтгүй байснаас ойлгомжгүй байдал үүсгэж, хүндрэл учруулж байсныг хуульчилсан.
5.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаагаа явуулах нутагт дэвсгэрт нь улсын бүртгэлд бүртгэхээр болсон.
6.Хуулийн этгээд санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй бол санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар нийтэд зарлах бөгөөд ийнхүү зарласнаас хойш 6 сарын дотор хуулийн этгээдээс бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасдаг байхаар зохицуулалт шинээр орсон.
7.Хуулийн этгээдийн хэлбэрийг Иргэний хуульд нийцүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан хэлбэрээ өөрчлөн бүртгүүлэх шаардлагатай хуулийн этгээдүүд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор бүртгүүлэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгалаа.
8.Компани, нөхөрлөл, хоршоог холбогдох хуулийн дагуу үүсгэн байгуулснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлэх хугацаа 7-10 хоног байсныг 15 өдөр болгонуртасгаж, холбогдох өөрчлөлтийг Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай хуульд тус тус тусгав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэн найруулсантай холбогдуулан Улс төрийн намын тухай, Банкны тухай хуулиудад хүчингүйд тооцсон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиас хийсэн эшлэлийг шинэчлэн найруулсан хуулийн заалттай нийцүүлэн өөрчлөв.
Түүнчлэн 2015 онд баталсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, мөн хуулийг дагаж мөрдөх журмын хуулиудыг тус тус хүчингүйд тооцсон болно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль батлагдсанаар улсын бүртгэлийн үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээдийн хувьд төдийгүй бүртгэлийн байгууллагын хувьд хөнгөвчилж,төрийн мэдээллийн нэгдмэл байдлыг хангаж, төрийн байгууллагууд мэдээлэл харилцан солилцох боломж, хурдыг нэмэгдүүлснээр төрийн байгууллагын үйл ажиллагаанд бүхэлдээ дэвшил гарах, бүртгэлийг цахим хэлбэрээр хийх эрх зүйн үндсийг тогтоосон зэрэг ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Улсын Их Хурлын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.