Avengers: Infinity War гарахаасаа ч өмнө рекорд эвдэж эхэллээ. Тодруулбал, киноны нээлтийн тасалбарын захиалга өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдаанд гарч, Black Panther-аас ч олон ширхэг тасалбарт зарагдав. Өнгөрсөн хугацаанд Марвелын ертөнцийн тухай бүрэн хэмжээний 18 кино гарч, баатруудын дийлэнх нь Infinity War цувралд нэгдэх гэж байгаа билээ. Гэвч Marvel Infinity War-ын зохиолыг комик номныхоо дагуу хийвэл жинхэнэ цусан далай болох болно. 

Marvel-ын фэнүүд Infinity War-т хэн үхэх бол гэж одооноос санаа зовж эхэлсэн. Өшөө авагчид энэ удаад хамгийн хүчирхэг дайсан Таностой нүүр тулах гэж байхад нэг нь үхэхгүй байна гэдэг боломжгүй. Тэгэхээр аль аль баатрын төгсгөл ирэх бол. Комикоос нь харцгаая. 

Хэн бүхний хайртай Ахмад Америк Civil War-ын дараахан "амиа алддаг". Infinity War-т Ахмад Америк буюу Стив Рожерс Номад гэх өөр дүрээр гарах төлөвтэй байгаа. Тэрбээр Америкийн Засгийн газрын нүүр царай, баатар байхаа больсонтой холбоотой. Комик номонд Таносын гарт олон олон баатар амиа алддагийн нэг нь Ахмад Америк. Силвер Сөрфер бүтэлгүйтсэний дараа ахмад Таностой нүүр тулахаар шийдэх ч тэр нь томоохон алдаа байх болно. 

Ахмад Америкийн төгсгөл ирнэ гэж үзэх ганц шалтгаан комик биш. Жүжигчин Крис Эванс Marvel студитэй дөрвөн Avenger цувралын гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, Infinity War-т үхээгүй байлаа ч Марвелын ертөнц дэх өдрүүд нь эцэстээ ирсэн. Энэ бүхнээс дүгнэхэд Номад нэг бол хүнд гэмтэл авна, нэг бол Таносын гарт баатарлагаар үхэж, Avenger 4-т богино зуур гарах магадлал өндөр байна. 

Локи бурхан үхэшгүй мөнх болохоор түүний үхэл удаан үргэлжлэхгүй. Гэхдээ комик номд Таносын гарт амиа алддаг тухай гардаг. Локи хэдий эсрэг талын дүр байсаар ирсэн ч амьсгал хураахдаа асгардчууд болон ах Торын төлөө өөрийгөө золиослох болно. Infinity War-ын трэйлерээс үзэхэд Локи Таностой нэг тал болдог, учир нь тэрбээр Сансрын чулууг өөртөө авахыг хүсдэг болохоор супер дайсантай хүсэл сонирхол нэгтэй билээ. 

Гэхдээ Thor:Ragnarok цувралд тэрбээр алдаагаа засаж, Таносын эсрэг болдог. Локи дүр эсгэсэн үү, үнэхээр Таностой нэгдэх гэсэн үү мэдэхгүй ч Таност түүнийг амьд үлдээх шалтгаан байхгүй билээ. 


Төгсгөл нь ирэх магадлалтай супер баатруудаас хамгийн эрсдэлтэй нь Төмөр Хүн. Яагаад гэж үү? Комик цувралд түүний үхэл хамгийн цуутай бас хамгийн аймшигтай нь байдаг. Таносын эсрэг хийсэн амжилттай цохилтуудын дараа Тони Старк Төмөр Хүний өмсгөлүүдийнхээ нэгээр дайрдаг. Гайхалтай нь түүний цохилт агуу хүчит Таносыг бага зэрэг түлхэж дийлдэг. Үүний дараа Терраксиа Старк руу дайрч, цусанд будагдсан Төмөр Хүний толгойн багийг Таност гардуулж өгөх болно. 

Үүнээс гадна жүжигчин Роберт Дауни Жүниор Marvel студийн Төмөр Хүн цуврал, Avengers, Captain America-гийн нэг цуврал, Spider-Man-д тоглосоор олон жилийг ардаа үдлээ. Муугаар хэлэхэд, түүнийг үзэгчид уйдталаа л харлаа. Мөн Marvel студитэй хийсэн гэрээ нь ч дуусах болсон. Роберт Дауни Жүниорын гэрээг сунгах хэтэрхий үнэтэй болсон, тэгээд ч жүжигчин эрхэм 50 нас гарсан болохоор гэрээ сунгах бодолгүй ч байж мэднэ. 


Скарлет, Вижн хоёрын хайр сэтгэлийг өөгшүүлдэг фэнүүдэд эл үйл явдал хүндхэн цохилт болох биз ээ. Гэхдээ хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг хорон санаатын хайж байгаа зүйлийг өөртөө нуусан бол үхэх нь дамжиггүй гэсэн үг. Комикт Вижн Таност хэд хэдэн цохилт өгч чаддаг ч Танос Вижний гол хөдөлгөөнүүдийг хуулбарлан сөрөг цохилт өгч цээжийг нь задалж орхидог. 

Трэйлерээс үзвэл Вижн чулуугаа алддаг. Тэгэхээр Вижн нэг бол амиа алдана, нэг бол тэс өөр хүн болж хувирах магадлал өндөр байна. Мөн Вижн өөрийн гэсэн бие даасан кинотой болохгүй нь тодорхой учраас зууралдаад байх шалтгаан байхгүй билээ. 


Эрсдэлтэй бүлгэмийн жагсаалтын дээгүүр яваа баатар бол Драйкс. Огторгуйн хамгаалагчид Infinity War-т ихээхэн үүрэг оролцоотой байх ч хэн нэгэн нь үүрд явах нь бараг тодорхой байгаа. Тэгэхээр Драйксаас өөр Таносыг үхээсэй гэсэн нөр их хүсэлтэй баатар хамгаалагчдын дунд байгаа бил үү? Үгүй. WWE мэргэжлийн бөхийн зургаан удаагийн аварга Дэйв их спортдоо эргэн орох төлөвлөгөөтэй байгаа тул тун ч завгүй болох нь дамжиггүй. 

Төгсгөлөө үзэх магадлал хамгийн өндөртэй баатруудыг л нэр дурдлаа. Харамсалтай нь жагсаалт үүгээр өндөрлөхгүй. Infinity War комикт хорвоо ертөнцийн тал нь устаж, мөнх амьгүй Хоукая, Гайхамшигт 4, Хүн Аалз, Скарлет шулмаас эхлээд үхэшгүй мөнх Тор хүртэл Таносыг дийлэхгүй. Гэхдээ комикийн зохиолтой Infinity War киног хэр нийцүүлсэнг одоо үзэх л үлдлээ.