Хайртай хүнээсээ сална гэдэг хорвоо хөмөрчихсөн юм шиг л мэдрэмж төрүүлж, цаг хугацаанаас өөр эдгээх зүйл үгүй болдог. Нөгөөтээгүүр бүсгүй танд хайртай гэж чихэн дээр тань цэцэг ургуулсан ч үг, үйлдэл нь зөрдөг хүчирхийлэгч, дарамтлагчаас сална гэдэг бас л амаргүй хэрэг. Хүчирхийлэгчийн гол арга барил бол эмэгтэйчүүдийг өөргүйгээр нь амьдарч чадахгүй гэж сэтгэлийнх гүнд хүртэл нь ойлгуулах. Нөлөөнд нь автаж, ухамсартаа энэ бодлыг суулгасан эмэгтэй хүн салалтын дараа бие дааж, хүч чадлаа олох гэж нэлээдгүй хугацаа зарцуулдаг. 

Хүчирхийлэгчтэй удаан хамт байсан эмэгтэйчүүд өөрийгөө хайрлах, өөртөө анхаарал тавихаа мартсан байдаг. Хувь хүний хөгжил, сэтгэцийн эрүүл мэндийг хөгжүүлэх Remente аппликейшнийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Девид Брудо ийм байдалд орсон эмэгтэйчүүдэд зориулан дараах зөвлөгөөг өглөө. 

Тавьж явуулж сур

"Ингэж хэлэх нь хийхээс амархан ч хортой харилцаанаас өөрийгөө ангижруулах хамгийн чухал алхмын нэг бол чөлөөлөх. Хүн бүр алдаа гаргадаг, энэ бүхэн өнгөрсөнд үлдсэн, сургамж аваад л урагшлах хэрэгтэйг хүлээн зөвшөөр."

2 Ганцаараа байж сур

Өөрийнхөө дуртай зүйлсийг хийнэ гэдэг сонсогдож байгаагаасаа хавьгүй илүү чухал. Ганц бие байна гэдэг шинэ хоббитой болж, эцсийг нь үзээгүй ажлаа дуусгах гайхалтай боломж. Ажлаа хийхээс гадна долоо хоногийн хэд хэдэн үдшийг дуртай зүйлээ хийхэд зарцуулбал стресс багасаж, сэтгэл хангалуун байх болно. 

3 Удирдлагыг гартаа ав

Хэрэв та мэдрэмжээ удирдаж сурсан бол эрч хүчээ өөр зүйлд зарцуул. "Тухайн асуудал танаас хамаарахгүй, та түүнийг шийдэж чадахгүйгээ ухаарсан бол тэр эрч хүчээ удирдаж болох асуудлыг шийдэхэд зарцуул. Ажлын шинэ төсөл, гоо сайхан, эрүүл мэнддээ анхаарах, ирэх долоо хоногт ажил руугаа авч явах хоол ундаа бэлдэж тавих гээд энэ нь юу ч байж болно. Ямар нэг зүйл өөрчлөгдөн сайжрахыг харахад ямар ч хүний сэтгэл сэргэдэг."

4 Муу зуршлаа багасга

Хэцүү сонсогдож болох ч согтууруулах ундаа уух, тамхи татах гэх мэт муу зуршлаа багасга. Танд богино хугацаанд л хэцүү санагдах ч хэтдээ та өөртөө баярлах болно. "Муу зуршил асуудлыг ойлгох, нүүр тулах, асуудлаас зугтахад тус болдоггүй, харин ч хэсэг зуур л тайвшруулаад дараа нь бүр хүнд байдалд оруулдаг. Үүний оронд өөр дуртай, эрүүл, аз жаргалтай мэдрэмж төрүүлэх зүйл олж хий."

5 Эрүүл мэнддээ анхаар

Бэлэн хоол идээд зурагт үзэж суухын оронд эрүүл хооллож, өөртөө тохирсон дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэйг Брудо хэллээ. Ингэснээр тархинд ялгарах эндорфин нэмэгдэж, нойр хүрэх болно. 

6 Хүмүүстэй харилцаатай бай

Салалтын дараа хүн өөрийнхөө үнэлэмжийг тодорхой хэмжээгээр алддаг. Тиймээс найз нөхөд, хайртай дотнын хүмүүстэйгээ уулзаж, ярилцвал сэтгэл санаа дээрддэг ажээ. "Салалтын дараах мэдрэмжээ бусадтай хуваалцсанаар асуудлаа өөр өнцгөөс харж тавьж явуулахыг сурч мэднэ. Та тэндээс асуултын хариултаа олоогүй байлаа ч нийгмийн харилцаанд орох нь тархийг тайвшруулдгийг сана."

7 Бясалгах гээд үз

Салалтын дараа анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд болдог. Мөн сөрөг, толгойноос гардаггүй бодлуудад эзэмдүүлж, тархиа үхжүүлж байгаагаа ч мэдэхгүй байх нь бий. "Яг ийм үед л бясалгах хэрэгтэй. Дор хаяж гурван минут нүдээ аньж суугаад амьсгалаа мэдэрч, хортой харилцааныхаа сөрөг дурсамжуудыг санаж тунгаавал та өнөөдөр чөлөөтэй болсондоо баярлаж, ирээдүйн төлөө хичээх болно."

8 Эерэг зүйлд анхаарлаа хандуул

Энэ дадлыг суулгахад хэсэг хугацаа хэрэг болж мэднэ. Гэхдээ харилцаагаа эргэж нэг хараад тэндээс юу сурснаа тунгаан бод. Энэ бол танд үлдсэн эерэг зүйл. "Сэтгэл өвтгөсөн үйл явдлууд дундаас эерэг зүйл олж чадвал тухайн сөрөг үйл явдал эерэг болж хувирдаг. Сургамж болгон хувиргаж байна гэсэн үг."

9 Тэвчээртэй бай

Эргээд өөртөө итгэлтэй болох амаргүй, тиймээс тэвчээртэй бай. Таны сэтгэл шархалж, хэнд ч дахиад итгэхгүй мэт санагдах ч цаг хугацаа өнгөрөх тусам тийм биш болохыг ойлгоно. "Асуудлыг олон талаас нь харж, шинэ зуршилтай болбол та өнгөрснөөс салж өөртөө итгэлтэй болно. Нэг шөнийн дотор юу ч өөрчлөгдсөнгүй гэж буй тунирх. Аливаа зүйл цаг хугацаатай байдаг, нэг л мэдэхэд та өөрийгөө, амьдралаа хараад баярлана."