УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Өнөөдөр онцлогтой өдөр. Бүгдэд нь Олон улсын хүний эрхийн баярын мэнд дэвшүүлье. Энэ өдөр бүх хүн, аймаг, нийслэл, сум, дүүрэгт хамаатай хуулийн төсөл хэлэлцэж байна. Зарчмын хувьд дэмжиж байна. 

Мөн 31 жилийн өмнө Монгол Улсын түүхэнд ардчилсан хувьсгал ялсан түүхэн өдөр тохиож байна. Ардчилалд хайртай ард түмэндээ, АН-ын гишүүд дэмжигчид, Ардчилсан холбооны партизанууддаа баярын мэнд хүргэе.

Нэг харамсалтай зүйл нь энэ баярын өдөр хэвлэлийн эрх чөлөө, үг хэлэх эрхээ эдэлсэн сэтгүүлчдийн төлөөлөл Баянхонгор аймгийн гаралтай залуу н.Пүрэвийг барьж, хорьсон байна. Уг асуудалд үнэхээр сэтгэл эмзэглэж байна. Энэ хүнийг яаралтай тавиулах талд УИХ-ын дарга Г.Занданшатар та анхаарч өгөөч. Өөрийн гэсэн үзэл бодолтой залууг хүний эрхийн өдөр баривчилж байгаа нь сонин байна" гэв.

Хариултад нь УИХ-ын дарга Г.Занданшатар "МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэвийг цар тахлын дэглэм зөрчсөн хэргээр дуудаж мэдүүлэг аваад суллаж явуулсан. Баривчлаагүй гэж цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн" хэмээлээ.