УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр эхэлсэн. 

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж, хэлсэн үгэндээ "УИХ-ын намрын чуулган олон хоног тасалдаж, хаврын чуулганаар хэлэлцэж батлах шаардлагатай олон хууль хүлээгдэж байгаа учраас Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.

Монгол Улсад хавар ирж, дэлгэр сайхан цаг айсуй. Гэсэн ч гурван хүний нэг нь ядуу амьдарч, ирэх жилүүдэд өрийн дарамт эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрэхээр байна. Уг нь Монгол Улс нэг хүнд ногдох газар нутаг, байгалийн баялаг, мал сүргийн тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ.

1990 онд нийгмийн шилжилт хийж, тогтолцоогоо өөрчилснөөс хойш 28 жил өнгөрсний дараа эргэн харахад монголчууд бидэнд нэг зүйл улам тодорхой болж байна. Улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ.

Тиймээс хагаралдан бутарч, эв нэгдэлгүй байхдаа уруудан доройтож ирсэн түүхийг ямагт  санаж, эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна.

Ийм учраас эхний шатанд дараах үндсэн гурван чиглэлд анхаарлаа төвлөрүүлж,  хүчээ нэгтгэж ажиллахыг Эрхэм гишүүддээ уриалж байна.

 1. Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

2. Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна.

3.  Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна" гэдгийг онцоллоо.