Өмнөд Солонгосын Засгийн газар хүн амын өсөлтийг дэмжих таван жилийн бодлогоо оны өмнө танилцуулсан билээ.

Огцом буурч буй төрөлтийг дэмжихийн тулд тус улсын Засгийн газар 2022 оноос эхлэн нэг хүртэлх насны хүүхэд бүрт сард 300,000 воны тэтгэмж олгох шийдвэр гаргасан юм. Энэ тэтгэмж 2025 он гэхэд 500 мянган вон болж өсөх юм.

Мөн Чанвон хот төрөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэллээ. Тус хот нь техник, хими, хүнд аж үйлдвэр, цахилгаан бараа, автомашин гэх мэт аж үйлдвэрлэл хөгжсөн юм. 

Гэсэн хэдий ч оршин суугчид нь нүүн шилжих болсон, төрөлт багассан учраас шинээр гэр бүл болж буй хосуудад 100 сая воныг зээлүүлэхээр болжээ. 

Хэрвээ шинэ гэр бүл нь 1 хүүхэдтэй болвол зээлийн хүүгээс чөлөөлөх аж. Харин 2 хүүхэдтэй болвол зээлийн нийт төлбөрөөс 30 хувь хөнгөлөх юм. Харин 3 хүүхэдтэй болвол 100 сая воны зээлээс 100 хувь чөлөөлөхөөр болжээ.

Тус улсын хувьд 2019 онд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 0.92 болсон нь түүхэн доод үзүүлэлт болжээ. Ийнхүү төрөлт буурсан шалтгаан нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдсэнтэй холбоотой гэж судлаачид үзэж байна.