Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлсэн. Ирэх даваа гарагт уг замыг нээхээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, холбогдох мэргэжилтнүүдтэй хамт өнөөдөр замын засварын ажлын явцтай танилцаж, газар дээр нь ажиллалаа.

Зам засварын ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх "Гурвалжингийн гүүр нь анх 1989 онд баригдсан. 2010 оны үед засвар, шинэчлэлийн ажил хийснээс хойш томоохон хэмжээний засварын ажил огт хийгдээгүй. Гүүр, гүүрэн байгууламжийн  засварын ажлыг байнга хийж байх ёстой. Тиймээс бид төлөвлөгөөт ажилд тусган засвар, шинэчлэлийн ажлыг хийж байна. Ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Энэ сарын 27-ны 06:00 цаг гэхэд замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ гүүр нь 108 метрийн урттай, 26 метрийн өргөнтэй. Үндсэн засвар шинэчлэлийн ажлаас гадна замын нөхөөсийн ажлууд давхар хийгдэж байгаа” гэв.


"Монос, Таван шарын уулзвар болон Энхтайван, Нарны гүүрээр явахыг зөвлөж байна"

Замын ачаалал, хөдөлгөөнд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа талаар Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Замын цагдаагийн хэлтсээс хөдөлгөөн зохион байгуулалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр есөн алба хаагч ажиллаж байна. 

Иргэдэд хандаж хэлэхэд замын ачаалал нэмэгдсэн үед Гурвалжингийн гүүрээр зорчихгүй байх, шаардлагатай бол Моносын уулзвар, Таван шарын уулзвараар болон Энхтайваны гүүр, Нарны гүүрээр хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Замын цагдаагийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхааран хяналт тавьж байна. 

Тиймээс иргэдийн зүгээс замын цагдаагийн тавьсан албан шаардлагыг биелүүлж, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна” гэв.

Гурвалжингийн гүүрний гурван холбоосоос гадна замыг тэр чигт засварлах шаардлагатай байгаа засварын ажлыг хийхээр болжээ. Засварын үеэр урдаасаа хойшоо буюу ТЭЦ-3 Дулааны цахилгаан станцаас Техник импорт хүртлэх урсгалыг хаасан байна. Гурвалжингийн гүүрний авто замын нэг талын урсгал бүрэн хаасан ч эсрэг талын урсгалыг хоёр эгнээ болгон, хөдөлгөөнийг зохицуулжээ. 

Мөн “Энэ онд Улаанбаатарт нийтдээ 52.7 км хатуу хучилттай авто зам шинээр барина. Уулзваруудыг өргөтгөн шинэчилэх 17.8 км авто замын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна” гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх замын ажилтай танилцах үеэр онцлов.