"Гүнээсээ хайрлая" аяны усны шилдэг шийдлийн эзэд тодорлоо

Peak.mn
03 сарын 24, 2024

Дэлхий нийтээрээ жил бүрийн 3 сарын 22-ны өдөр "Дэлхийн Усны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Энэ өдрийг тохиолдуулан усны шилдэг шийдлийг “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдлийн шалгаруулалт энэ жил анх удаа зохион байгуулагдлаа.

"Гүнээсээ хайрлая" аяныг Оюутолгой компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчдын холбоо, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи гедрологийн салбар сургуультай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа билээ. 

Зорилго нь усны асуудалд иргэн, ААН, судлаачдын анхаарлыг хандуулах, тэднийг татан оролцуулах, зохистой хэрэглээг нэмэгдүүлэх юм.

Энэ удаа иргэд ААН-үүдийг усны зохистой хэрэглээнд уриалах зорилгоор “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулах уралдааныг зарлан шагналын эздийг тодрууллаа.

Арга хэмжээг нээж Усны газрын дарга З.Батбаяр “Усыг хайрлана гэдэг хэрэглэхгүй гэсэн үг биш харин хамтдаа зөв зохистой ашиглах асуудал чухал байна. Бид үр хүүхдээ хайрладаг шиг хайрлаж нандигнах зүйл бол гүний ус. Үүнийг үйл ажиллагаагаараа, орлогоороо дэмжиж байгаа ААН-үүдийн нэг бол Оюутолгой. Усны дахин ашиглалтын хувь 87 хувь байгаа нь үүнийг батлах үзүүлэлт. ” хэмээн онцлон хэлсэн юм.

Мөн “Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер “Би ус зүйн мэргэжлээр мэргэшсэн хүн. Өнөөдөр энэхүү өдрийг тэмдэглэх арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.Бид ч бас өдөр тутмын үйл ажиллагаандаа усны асуудалд анхаарч ирлээ. Саяхан бид компанийнхаа стратегийг шинэчлэхдээ ч байгаль орчныг хамгаалах асуудлыг онцгойлон тусгасан. Үүнээс харахад манай компани энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байгааг харж болно. Өнөөдрийн байдлаар Оюутолгой дэлхийн зэс боловсруулагчдаас усны зохистой хэрэглээ, үр ашигтай дахин боловсруулах технологиороо тэргүүлж байгааг дуулгахад таатай байна” гэв.

Ингээд энэхүү арга хэмжээний шилдгийн шилдгүүдийг танилцуулж байна.

Бичлэг үзэх:

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК

Тус байгууллага нь “Ногоон нисэх буудал” болох зорилт тавьж хаягдал усыг дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарах хог хаягдлыг боловсруулан ашиглах шийдлийг 2021 оноос үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. Үр дүнд нь бохир усыг 94-96% хүртэл цэвэрлэдэг, хаягдал усыг эргүүлэн ашигласнаар хоногт 6000 гаруй литр цэвэр усыг хэмнэдэг болсон гэсэн сайн үзүүлэлт гарсан байна. 

Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг бордоо болгож,, ногоон байгууламжийн талбайг бордох, цэвэрлэгдсэн усны цөөрөмд загас үржүүлэх ч нөхцөл бүрдсэн талаар тэд ярьж байна. Мөн цаасан хайрцгийг боловсруулж зүлэг тарих ажлыг ч амжилттай хэрэгжүүлжээ. Хоногт
Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд ойролцоогоор110 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


ШИЛДЭГ СУДЛААЧ Л.Бархас

Улаанбаатар хотын ус хангамжийн мах комбинат, үйлдвэрийн эх үүсвэрийн хориглолтын бүсийн талбайн ус ба хөрсний бохирдлыг тодорхойлох судалгааны ажил, Улаанбаатар хотын ус зайлуулах инженерийн хийц бүхий сувгийн цогц төлөвлөлт хийх инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил, Богдхан төмөр замын туннелийн төслийн ажил, Дээд эх үүсвэрийн эрсдэлийн судалгаа, Сэлбэ сэргэлт төсөл, Гүний хоолойн газрын доорх усны нөөцийн дахин үнэлгээ хийх зэрэг ажлуудын судалгааны багт гидрогеологичоор ажиллаж, зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, газрын доорх усны нөөцийн загварчлалыг ашиглан ү3ерийн уснаас газрын доорх усанд үзүүлэх нөлөөллийг тооцох, газрын доорх усны түвшний өөрчлөлтийг таамаглан загварчлах, газрын доорх усны бохирдлын тархалтыг зураглах, ус хангамжийн эх үүсвэрийн хориглолтын бүсийн талбайн усны бохирдлыг тодорхойлох ажлуудыг хийсэн ба одоо газрын доорх усны загварчлалын чиглэлээр 1 бакалавр оюутныг дадлагажуулан бэлтгэж байна.

Шилдэг иргэн: Даваагийн Басандорж

Автоугаалгын газрын усыг цэвэршүүлэн дахин ашигладаг, усны хэмнэлттэй хэрэглээний технологийн туршилт нутагшуулалт шилдгээр шалгарлаа.

Авто угаалгын газраас гарч буй усны бохирдол, усны найрлага, шинж чанараас хамааруулж 3 төрлийн арга, технологиор усыг цэвэршүүлэн, 100% буцаан ашигладаг. Сити карвош зэрэг угаалгын газарт туршиж нэвтрүүлсэн байна.

Тэрбээр энэ тухайгаа “Монгол Улс жилд 500-700 сая шоо метр усыг ашигладаг. Үүний 60 хувь нь хаягддаг. Зөвхөн Улаанбаатарчууд бидний автомашинаа угаахад зарцуулсан ус Дарханы бүтэн өдрийн хэрэглээтэй тэнцэж байна шүү дээ. Тийм учраас машин угаалгын газруудын усны асуудалд олон улсад анхаарч, шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлдэг. Миний хувьд монголчилсон арга шийдлээ гаргаж энэхүү шагналыг авсандаа баяртай байна”

Холбоотой сэдвүүд

оюутолгой усныөдөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.