Голомт банк нь “Интерактив” ХХК-тай хамтран дижитал шилжилтийн бодит жишиг болох бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр талын хэрэглэгчдэдээ хүргэх хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. 

Гэрээний хүрээнд талууд тус компанийн гаргаж буй шинэ систем болох Veritech cloud ERP, Veritech citizen ERP систем дээр Голомт банкны дижитал бүтээгдэхүүн, үйлчилгээг платформ бизнес загварт тулгуурлан харилцагчдадаа хүргэхээр зорьж байгаа юм.  Тодруулбал, Голомт банкны харилцагчид Veritech cloud ERP, Veritech citizen ERP ашигладаг бол тус системээсээ шууд онлайнаар цалингийн зээл авах, кредит картын хүсэлт илгээх, дебит карт захиалах, дансны хуулга харах, үлдэгдлээ шалгах, мөн салбарын хаяг, байршил, АТМ, СДМ, киоскийн мэдээллийг шууд харах гэх мэт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг авах боломж бүрдэх юм.

“Интерактив” компани нь Veritech ERP хэмээх корпорациудад зориулсан цогц системийг 2010 оноос зах зээлд нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлсээр ирсэн бөгөөд эдүгээ 100 гаруй том байгууллагатай хамтран ажиллаж буй юм. 

Мөн энэ оноос эхлэн жижиг, дунд бизнесүүдэд зориулсан Veritech сloud ERP системийг хөгжүүлж, зах зээлд нийлүүлээд байна. Уг Cloud ERP нь корпорациудад зориулсан хувилбараас жижиг, цомхон боловч олон жилийн туршлага дээр суурилсан харьцангуй найдвартай ажиллагаатай, илүү хүртээмжтэй гэдгээрээ онцлог юм. Хэрэв тухайн жижиг дунд бизнес цаашдаа өргөжиж, корпорацийн түвшинд хүрвэл Veritech ERP руу шууд шилжих боломжтой.

Голомт банк нь дотоод үйл ажиллагаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээндээ үргэлж дижитал шийдэл нэвтрүүлж, мэдээллийн технологийн Монгол компани, тэдгээрийн хөгжүүлсэн технологи, системийг бодит хэрэглээнд түүчээлэн нэвтрүүлэх, цаашдын хөгжилд нь хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг билээ.