Газрын тос экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн бага хурлын ерөнхийлөгч, Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ эрчим хүч, аж үйлдвэрийн сайд Сухейль аль-Мазруи АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шүүмжлэлд хариулж, газрын тос олборлох салбартай холбоотой бүх бэрхшээлд тус байгууллагыг буруутгахгүй байхыг түүнд уриалжээ.
 
“Гэхдээ зургадугаар сард болсон зөвлөгөөний үеэр бид газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд гэнэтийн тасалдал доголдол үүсэхэд нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд хүргэх хангалттай нөөц манай байгууллагын гишүүн орнуудад байгаа” гэж АНЭУ-ын сайд Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна. "ОПЕК+" хэлэлцээрийн хүрээнд газрын тосны олборлолтыг хоногт 1 сая торхоор нэмэгдүүлэхээр зургадугаар сарын 22-нд Венад болсон зөвлөгөөний үеэр тохиролцсон юм.
 
Түүний хэлснээр, ОПЕК-ийн үндсэн зорилго нь үнийн асуудалд анхаарал хандуулах бус харин газрын тосны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй байлгахад оршдог ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг