Г.Занданшатар: Үндэсний баялгийн сангийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулахаар УИХ-д өргөн мэдүүлье

Б.Номин
09 сарын 22, 2025

Стратегийн нөөцөд хамаарах уул уурхайн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үндэсний баялгийн санг арвижуулж өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ногдуулах зарчмыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Стратегийн нөөцөд хамаарах уул уурхайн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч, захирлуудыг хүлээн авч уулзсан юм. 

Тэрбээр, “Юуны өмнө Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэх талаар бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн явдалд, хамтран ажиллаж байгаа явдалд талархал илэрхийлье. 

Манай стратегийн ордууд бол монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч, бөгөөд хөдөлгүүр нь. Түүнчлэн ард түмний өмч, эдийн засгийн хөгжлийн тулгуур, хөдөлгүүр. Иймд ард түмний дунд хагарал, зөрчил үүсгэдэг сэдэв болгохгүйн тулд нэгдсэн, нээлттэй хамтын ажиллагаа чухал байна.

Нэгдүгээр асуудал нь, стратегийн ордуудад төрийн эзэмшил тогтоох, эсхүл түүнийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах эрхзүйн үндэс бүрдсэн. Харилцан ашигтай, санхүүгийн тооцооллыг хийж байгаад бүх татвараа нэгтгэж багцлаад баялгийн татвар болгож, дийлэнхи өр өгөөж нь ард түмэнд ч гэсэн ойлгомжтой, “50+1”-ийг төлж байна. Үүнийг баялгийн сан төлнө гэсэн ийм хувилбарыг та бүхэн нээлттэй ярилцаж, түүнийгээ олон түмэнд мэдээлээд, 51 хувиа төлж байна гэсэн хувилбар руу явах асуудлыг хоёр тал шийдэж ярьмаар байгаа юм. Үүн дээр захирлууд бэлэн байна уу?

Хоёрдугаарт, аль аль талдаа бид хуулиа дагаж мөрдөх ёстой. Хуулийн хүрээнд л ажиллацгаая. хуулиас гадуур ажиллах юм бол энэ маань дараа нь урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагаа болж чадахгүй. Төр бизнесийн тэгш өрсөлдөх нөхцөл, орчинг бүрдүүлэх ёстой. Тиймээс харилцан өгөөжтэй хамтын ажиллагаа бүх компанид хамаарна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттайгаас үл хамаараад. Та бүгд иргэн бүрт шууд үр дүнг нь харуулаад эхний ээлжинд үр өгөөжийг нь өгчихөөр тийм санаачлага гаргаж ажиллаасай гэж хүсч байна” гэв. 

Д.Оджаргал /“Эм-Си-Эс” группийн захирлуудын зөвлөлийн дарга/: Байгалийн баялгаас ард түмэн өгөөжийг хэрхэн ахиухан хүртэх вэ. Үндэсний баялгийн сангийн ажлыг хэрхэн бодитой болгох вэ гэдэг дээр манай компанийнхны хувьд бүгд 100 хувь дэмжиж байгаа. Үүнийг Монгол Улсын хуулийн хүрээнд ард иргэддээ байгалийн баялгийн өгөөжийг ахиухан хүртээх вэ гэдэг дээр бодитой шийдэл олох хэлэлцээр хийхэд бид бэлэн байна. 

Н.Цэлмүүн /“Монголын Алт” ХХК-ийн Ерөнхийлөгч/: Нарийнсухайтын ордыг төлөөлж байгаа МАК компанийн хувьд хэлэлцээр хийхэд бэлэн байгаа. 

Г.Батцэнгэл /“Энержи ресурс” компанийн ТУЗ-ийн гишүүн/: Стратегийн ордын ашиглалтын өгөөжийн дийлэнх буюу 50+1 нь ард иргэдэд шууд болон шууд бусаар явагдах энэ зарчмыг дэмжиж ажиллана. 

Г.Занданшатар /Ерөнхий сайд/: Санал нэгдэж, бодитой санал санаачлагуудыг гаргасан захирлууддаа талархаж байна. Бид өөрсдөө нэгдсэн худалдааны бодлоготой байхгүй бол, ялангуяа нүүрснийхэн нэгдэхгүй бол нэг нэгээрээ ингээд идүүлээд дуусч байгаа юм. Тиймээс нэгдсэн бодлого хэрэгтэй байна, улс төрийн хувьд. Дэлхийн бүх улс худалдааны эрх зүй, худалдааны хуультай, бодлоготой. 

Гэтэл манайх бол импорт, экспорт аль, аль нь бодлогогүй байна. Тэгэхээр бид үндсэн зарчим дээрээ нэгдлээ гэж ойлголоо. Үүнийгээ нийгмийн хариуцлагын хүрээний асуудал болгоод ойрын үед шийдлээ гаргая. Хэл амгүй, хэрүүл шуугиангүй болгохын тулд УИХ-д өргөн мэдүүлье.

 Өгөөжтэй болгохын тулд хамтын ажиллагаа чухал. Ингээд бид, “Баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлье”, “Үндэсний баялгийн сангаа арвижуулъя, гэхдээ хуваарилалтыг нь илүү тодорхой болгоё”, “Илүү үр өгөөжтэй болгоход хууль эрх зүйн бусад орчны шинэчлэл шаардлагыг хэрэгжүүлье” гэсэн гурван зарчим дээр санал нэгдлээ. Яриа хэлэлцүүлгээ идэвхжүүлж, шийдлээ гаргаад явъя. 



Холбоотой сэдвүүд

баялагийн сан ерөнхий сайд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.