Монгол Улсын Их сургууль /МУИС/ байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэргэд "Ардчиллын танхим" байгуулан өнөөдөр хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ.

Тус танхимыг НИТХ-ын төлөөлөгч, "Хан-Уул хөгжил" сангийн тэргүүн П.Батчимэгийн санаачилга, дэмжлэгээр тохижуулжээ.

Нээлтийн үеэр төлөөлөгч П.Батчимэг “Ардчиллыг ард түмний засаглал, төрийн хэлбэр, улс төрийн тогтолцоо төдийхнөөр ойлгохоос илүүтэй байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж хөгждөг, ард түмний үнэт зүйл юм гэж үзэх хандлага давамгайлах болжээ. Ардчиллын өсөлтийн үе, өрнөлийн үе дуусч, Ардчиллын шинэ үе ирж байна хэмээн дийлэнх судлаачид үзэж байна. Иймд энэхүү танхимд олон эрдэмтэд, судлаачид, оюутан залуус ардчиллын үндсэн шинж, үндсэн зарчмын тухай нээлттэй эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг, уулзалт, сургалт зохион байгуулж ардчиллын шинэ үеийн хөгжилд шинжлэх ухаанч хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байна” гэв.  

Танхимд МУИС-ийн оюутан, эрдэмтэн багш нар бүхий л төрлийн лекц, семинар, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах боломжтой бөгөөд Улс төртэй холбоотой ном, сурах бичгүүдийг мөн байршуулсан байна.

МУИС-ийн дэргэдэх “Ардчиллын танхим”-ыг 20 сая төгрөгийн санхүүжилтээр босгожээ.