Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 103 жилийн ой өнөөдөр тохиож байна.

МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүн Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнуулж байсан.

Ю.Цэдэнбал1916 ондҮнэн Зоригт Хан аймгийнЗоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Тэрээр монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэй БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онд эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.

Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Дараа ньУлаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.