Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлал нь хатагтай Сүшма Сваражийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал, төдийгүй Энэтхэг Улсын Гадаад Хэргийн Сайдын сүүлийн 42 жилд хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатарын хамт Энэтхэг-Монголын хамтарсан Зөвлөлдөх Хорооны хурлыг даргалж ажиллалаа. Уг хорооны хурал нь өндөр түвшний хоёр талт зөвлөлдөх механизм болон хоёр улсын хамтын ажиллагааны өргөн хүрээ бүхий асуудлуудыг хэлэлцдэг аж. Энэхүү хурлыг хамгийн сүүлд 2016 онд Энэтхэг улсын Шинэ Дэли хотноо зохион байгуулж байжээ.

Энэ удаагийн хурлаар хоёр орны гадаад харилцааны сайд нар улс төр, стратеги, худалдаа эдийн засаг, соёл урлаг ба боловсролын салбаруудад хамтран ажиллах талаар хэлэлцэж 2015 оны 5 сард Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зарлагдсан хэд хэдэн төслүүдийн явцтай танилцлаа.

Хоёр тал цаашид дараах эрчим хүч, худалдаа эдийн засаг, цахим аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдүүлэх, дэд бүтцийн хөгжил, үйлчилгээ, эм зүй, мэдээллийн технологи, боловсрол ба бусад салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. 

Хурлын дараа хоёр улсын Гадаад хэргийн сайд хуралдааны протоколд гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ.