Улаанбаатар хотод өдөрт 2500-3500 орчим тонн хог цуглардаг байна. Хогийг хялбар ачиж, цуглуулах дэвшилтэт “Экобин” шийдэлтэй хогийн савыг ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршилтаар ашиглаж эхэлжээ. 

Уг хогийн сав нь зай талбай бага эзэлдэг. Эвгүй үнэр гарахгүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхгүй. Өвөл хөлдөхгүй хүйтэнд тэсвэртэйгээс гадна хог хальж, тарж орчныг бохирдуулахгүй. Хогийн саванд шавьж мэрэгч орох боломжгүй. Мөн ачих машиныг хол байрлуулж хогийг зөөврөөр ачих боломжтой зэрэг олон давуу талтай аж. Мөн хогийн савны тагны дотор талд гал мэдрэгч унтраагчтай тул галын аюулгүй байхаар бүтээжээ. 

Нэг саванд 1.5-3 м/куб хүртэл хог хуримтлуулах боломжтой. Газрын гүнд суурилсан торхноос хог ачихад ачигч машин дээр зөвхөн оператор ажиллах боломжтой. Нэг хүн 8-12 минутад 3 тонн хог ачих боломжтой ашиглахад хялбар технологи аж. Хогийн сав даацын ууттай бөгөөд савны торх болон шуудайг дотооддоо үйлдвэрлэх бүрэн бололцоотой. Одоогоор 80 ширхэг хогын савыг үйлдвэрлэн бэлэн болгожээ.

Энэ удаагийн туршилтаар тавьсан хоёр төрлийн багтаамжтай хогийн савны бүхий л хэсгийг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Энэхүү шийдлийг эхний ээлжинд Улаанбаатар хотын ХУД-ын 52 дугаар сургуулийн хашаанд суурилуулан туршиж буй юм байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын ХМОНХХ