Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
09 сарын 23, 2024
Нийгмийн сүлжээний томоохон платформуудыг хөгжүүлэгч “Мета” компани инстаграмд шинээр “Teen accounts” тохиргоог нэвтрүүлж буйгаа мэдэгдлээ. Энэ нь 18-аас доош насны хүүхэдтэй эцэг эх болон өсвөр насныханд зориулсан шинэ тохиргоо юм. Ингэснээр цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах, сошиал хэрэглээг багасгах, эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналтыг сайжруулах боломжтой хэмээн Мета компани тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 1.4 тэрбум хүн инстаграм ашигладаг гэсэн тооцоолол бий. Үүний 8 хувийг 18-аас доош насны 112 сая өсвөр үеийнхэн эзэлж байна. Тэдний ихэнх нь өдөрт 5 цагийг цахим орчинд өнгөрөөдөг ажээ.
Судалгаанаас үзэхэд Инстаграм нь өсвөр насныхны хамгийн их ашиглагддаг платформуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна
Шинэ тохиргоотой болсноор өсвөр үеийнхний инстаграмд хэрхэн өөрчлөлт орох вэ?
Өдөрт хамгийн ихдээ 60 минут л инстаграм ашиглах боломжтой болно.
Өсвөр насныхны нийтэлсэн зураг, бичлэгийг зөвхөн инстаграммынх нь дагагчид харах боломжтой. Харин бусад хүмүүс тэдний нийтэлсэн зүйлсийг харж, сэтгэгдэл бичиж, хариу үйлдэл үзүүлэх боломжгүй юм.
Зөвхөн дагагчдаасаа мессеж хүлээж авна. Зураг бичлэг, сэтгэгдэл хэсэгт меншион хийхэд ч мөн адил.
Цахим орчин дахь гэмт хэргийн шинжтэй дүрс бичлэг, бусад өсвөр үеийнхэнд тохиромжгүй контентуудыг үзэх боломжгүй болно.
Зүй бус үг хэллэг ашигласан, доромжилсон агуулгатай нийтлэлд хязгаарлалт тавигдана. Ингэснээр өсвөр насныхан энэ төрлийн мэдээллийг хүлээж авахгүй юм.
Оройны 22:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл “Унтлагын горим” идэвхжинэ. Энэ хугацаанд шинэ нийтлэл, зурвастай холбоотой мэдэгдэл хүлээн авахгүй.
13-15 насныхан эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр эдгээр тохиргоог өөрчлөх боломжгүй.
Тэгвэл эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ инстаграм хаягт хэрхэн хяналт тавих боломжтой вэ?
Шинэ тохиргоогоор дамжуулан сүүлийн долоо хоногийн хугацаанд хүүхдийнхээ хэнтэй мессеж бичиж харилцсаныг мэдэх боломжтой болж байна. Гэхдээ тухайн зурвасыг хэнээс ирж байгааг харахаас биш агуулгыг нь унших боломжгүй юм.
Цахим хэрэглээнд нь хязгаарлалт тогтоох. Инстаграмд өдөр бүр хэр их цаг зарцуулахыг эцэг эхчүүд шийдэх болно. Тогтоосон цагийн хязгаарлалтаас хэтэрсэн бол тухайн өдөртөө дахин аппликейшнд хандах боломжгүй.
Тодорхой хугацаанд инстаграм ашиглахыг хориглох. Сургууль дээр байх хугацаанд, гэрийн даалгавар хийх цагт эсвэл орой унтаж амрах үеийг нь сонгож тодорхой цагт инстаграммыг нь идэвхгүй болгож болно.
Мэдээлэл авч буй суваг, бичлэгийг хянах зэргээр эцэг эхчүүд хяналтаа тавих боломжтой юм.
Шинээр бүртгэл үүсгэж буй өсвөр үеийнхний насыг
үнэн зөв эсэхийг хэрхэн мэдэх вэ?
‘Teen accounts’ тохиргоотой холбоотойгоор Мета компанид ирж буй түгээмэл асуултад шинээр бүртгэл үүсгэж буй хүүхдийн насыг үнэн зөв эсэхийг хэрхэн нягтлах талаар ихээхэн сонирхож байгаа аж.
Тэгвэл “Мета”-ийн хувьд энэ асуудалд онцгой анхаарал хандуулна гэдгээ мэдэгджээ.
Өсвөр үеийнхэн төрсөн он сар өдрөө худал мэдүүлж, бүртгэл үүсгэх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс үүнийг шийдвэрлэх хэд хэдэн арга байгааг мэдээлжээ. Тухайлбал, шинээр бүртгэл үүсгэх гэж байгаа тохиолдолд хүүхдийн ID үнэмлэхийг ашиглах, селфи зураг эсвэл видео бичлэг хийж баталгаажуулах гэнэ. Түүнчлэн Хятадын олон нийтийн сүлжээ болох “Wechat”-тай төстэйгөөр инстаграмд бүртгэлтэй найз нөхдийнх нь бүртгэлээр дамжуулж насыг нь баталгаажуулж болох аж.
Сонордуулахад тус компани насанд хүрсэн мэт дүр эсгэж буй өсвөр насныхны хаягийг олж тогтоон, автоматаар “Teen accounts”-д шилжүүлэх технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Шинэ тохиргоог өнгөрсөн долоо хоногоос эхлэн Их Британи, Канад, АНУ, Австрали дахь цахим хаяг хэрэглэгчдэд нэвтрүүлжээ. Мета компанийн зүгээс 2025 оны нэгдүгээр сар гэхэд дэлхий даяар инстаграм хэрэглэгч бүх өсвөр насныхны хаягийг бүртгэж, “Teen accounts” тохиргоотой болгоно гэдгээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Instagram.com
инстаграм хүүхдийн аюулгүй байдал цахим орчин инстаграм өсвөр үеийнхэн
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.