Энэ сарын 11-нээс шилжих Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед нийслэлийн хэмжээнд "Нэг хаалга-Нэг шинжилгээ" тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян нарын албаны хүмүүс есөн дүүргийн Онцгой комисс, засаг захиргааны нэгжийн удирдлагуудтай уулзалт хийн, хөл хорионы хугацаанд хэрхэн ажиллах талаар үүрэг, чиглэл өглөө. Дээрх хугацаанд 411420 өрхөөс нэг гишүүнийг заавал шинжилгээнд хамруулах бөгөөд үүнд нийслэлийн 15184 албан хаагч үүрэг гүйцэтгэнэ. Шинжилгээг явуулын 50, түр 73 цэгээр авч, өдөрт 42250 хүнээс сорьц шинжилгээ авахаар төлөвлөж байна.