Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажилтан, албан хаагчдад танилцуулж, зарлигийг гардууллаа.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм. Тэрээр энэ оны хоёрдугаар сарл Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон.

Энхээгийн БАТБАЯР гэж хэн бэ?


Боловсрол:

1980-1990 - Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992 - ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999 - МУИС-ын ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;

1999-2000 - МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;

2002-2005 - ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд "Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 


Хөдөлмөр эрхлэлт:

1999-2012 - "Түшээ" дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012 - УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015 - Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016 - Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019 - "Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 31-нд зарлиг гаргаж, тэтгэврийн насанд хүрсэн, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүнээс, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний албан тушаалаас тус тус чөлөөлсөн юм.