Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар энэ сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр өчигдөр Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэллээ.

Ерөнхий сайд фоумын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо тэр дундаа ОХУ-тай уламжлалт найрсаг хамтын ажиллагаанд тулгуурласан хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд ажил хэргийн хэлхээ холбоо чухал болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улс цаашид ч Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтойг илэрхийлж, энэ зорилгоор Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлахыг санал болгов.

Орос, Монголын ЗГХК-ын оросын хэсгийн дарга А.В.Гордеев, ЕАЭК-ын Интеграцчлал, макроэдийн засгийн асуудал эрхэлсэн сайд С.Ю.Глазьев нар хэлсэн үгэндээ Монгол, Орос болон Монгол, Евразийн эдийн засгийн холбооны бусад гишүүн орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх чиглэлээр цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаа илэрхийлэв.

Мөн тэрээр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Тус айлчлалыг тохиолдуулан манай талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтарч Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран энэхүү бизнес форум болон үзэсгэлэнг зохион байгуулж буй. Энэ нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.