УИХ-ын нэр бүхий гишүүд өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх УИХ-ын тогтоолыг УИХ-ын даргад өргөн барьсан.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийж, уг асуудлыг энэ сарын 29-нд хэлэлцэн шийдвэрлэх саналтай байна. Сар шинийн баяраас өмнө УИХ-ын шинэ дарга томилогдож, төрийн өндөрлөгүүд ёс жаягийн дагуу ард түмнийхээ мэндийг мэдэж, золгох нь зүйтэй хэмээн мэдэгдсэн. Үүний дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж эхлээд байна.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "УИХ-ын даргыг чөлөөлөх тухай заалт бүхий хууль өнөөдөр хэрэгжиж эхэлж байна. Бид УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолыг өнөөдөр УИХ-д өргөн барьсан. Гэвч Төрийн мэдээлэл сэтгүүлд хуулийг хэвлээгүй гэсэн шалтгаанаар тус асуудлыг ирэх мягмар гарагт хэлэлцэнэ гэж байна. Яагаад Төрийн мэдээлэл сэтгүүл хууль хэрэгжиж эхэлсэн энэ өдөр хуулийг хэвлэн гаргахгүй байгаа юм бэ. Энэ чухал асуудлыг яаарлтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх ёстой" хэмээлээ.

Үүний дараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэтийн 49 хувийг Сингапурын компанид худалдах гэж буй талаар бидэнд баримт мэдээлэл ирсэн. Үүнийг үнэн байх магадлалтай гэж хардаж байна" хэмээв.

УИХ-ын гишүүдийн мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.