ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өгөх үерээ " Интермед эмнэлэгт нэг хүнд коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан байна. Иймд ПиСиАр аппаратаар баталгаажуулахаар өглөөний 05.00 цагт тус иргэнээс сорьц авсан. ХӨСҮТ-д шинжилгээ хийж байна. Хариу нь өдөр гарна" гэж мэдэгдсэн.

Тэгвэл тус иргэний ПиСиАр аппаратаар хийсэн шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирус илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээллээ.

69 настай тус иргэний амьсгал бачууран сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгалгаатай, биеийн байдал нь хүнд эмнэлэгт ирж хэвтсэн байна. Улмаар Интермед эмнэлгийнхэн коронавирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан аж. Тэгвэл ХӨСҮТ-д хийсэн шинжилгээгээр уг хариу үгүйсгэгдэж, коронавирусгүй хэмээн баталлаа.