Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа
02 сарын 27, 2026
АНУ-ын Canisius College-ийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү нохойтойгоо хамт унтах үедээ илүү сайн нойр авч, аюулгүй мэдрэмж авдаг гэх дүгнэлтэд хүрчээ. Харин үүнийг сэтгэл зүйн талаас нь дараах байдлаар тайлбарласан байна.
Сэтгэл судлалын онолоор хүн унтах үедээ хамгийн эмзэг төлөвт шилждэг ажээ. Тиймээс дэргэдээ сонор, сэрэмжтэй нэгэнтэй байхад илүү хамгаалагдсан мэдрэмжтэй байдаг байна. Иймд нохой нь байгалиас мэдрэмтгий, хамгаалах зөн совинтой учраас эзэндээ сэтгэлзүйн баталгаа өгдөг байж болох юм гэдгийг судалгаанд дурджээ.
Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд нохой нь унтах үедээ бага хөдөлгөөн хийж, биеэсээ их дулаан ялгаруулдаг гэдгийг онцолжээ. Харин нөхөр, найз залуу эсвэл хамтрагчтайгаа унтахад хурхирах, хөдлөх, шөнө сэрэх зэрэг үйлдлийг их хийдэг учраас нойрны чанарт нь нөлөөлдөг гэсэн байна.
Үүнээс гадна амьтад хүнийг шүүж, шаардлага тавьж, хүлээлт үүсгэдэггүй. Харин хүн хоорондын харилцаа нь илүү нарийн төвөгтэй байдаг бөгөөд бид бусадтай харилцах үедээ зөнгөөрөө өөрийн үг, үйлдлээ цэгнэж эхэлдэг.
Тэгвэл тэжээвэр амьтад нь эсрэгээрээ тайвшруулах нөлөө үзүүлж, аюулгүй, амар амгалан мэдрэмж төрүүлдэг болохыг судлаачид тогтоожээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.