“Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 32.7 хувиар буюу 1690 сая ам.доллараар өсч, 6,857 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 37 хувиар буюу 1.109 сая ам.доллараар, импорт 27 хувиар буюу 580.7 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлсөн гэж Монгол банкнаас мэдээллээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 1.348 сая ам.доллараар давсанаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 528 сая ам.доллараар өссөн байна. Валютын төлбөртэй худалдааны тэнцэл 2017 оны эхний найман сарын гүйцэтгэлээр 1.462 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 661 сая ам.доллараар өсчээ. 

Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 64.4 хувь буюу 4418.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 12.3 хувь буюу 845 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 41.5 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 38 хувиар тус тус өссөн байна. Тайлант сард хэрэглээний барааны импортын үнэ буурсан, нүүрс, болон зэсийн экспортын үнэ өссөнөөс голлон шалтгаалж худалдааны нөхцөл өмнөх сараас сайжирчээ. 

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт 30 сая ам.доллараар буурчээ

Экспорт 2017 оны эхний найман сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 37 хувиар буюу 1.109 сая ам.доллараар өсөөд байна. Уул уурхайн түүхий эдийн экспортын өсөлт нь нийт экспортыг 36.6 нэгж хувиар, уул уурхайгаас бусад төрлийн экспорт нь нийт экспортыг 0.4 нэгж хувиар өсөхөд нөлөөлжээ. Уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс дөрвөн нэгж хувиар өссөн бол аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь хоёр нэгж хувиар буурсан байна. Уул уурхайн түүхий эдийн экспорт нүүрсний экспортын биет хэмжээ, үнэ өссөнөөс шалтгаалж 1.096 сая ам.доллараар өссөн байна. Харин мал аж,ахуйн түүхий эдийн экспорт үнэ, тоо хэмжээний аль аль нь нэмэгдснээс шалтгаалж 47.7 сая ам.доллараар өсжээ. Аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын үнэ болон биет хэмжээ буурсанаас шалтгаалж 30 сая ам.доллараар буурсан байна.

Нефтийн бүтээгдэхүүний импорт 74 хувиар өсөв

Энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр импорт нь тоо хэмжээний өөрчлөлтөөс шалтгаалж 602.8 сая ам.доллараар өссөн бол үнийн өөрчлөлтөөс шалтгаалж 22.1 сая ам.доллараар буурсан байна. Хэрэглээний бүтээгдэхүүний импорт нь тоо хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалж 56.7 сая ам.доллараар өсчээ. Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний импорт 39 хувиар өссөн аж. Хамгийн өндөр өсөлттэй нь нефтийн бүтээгдэхүүн байна. Импортын хэмжээ 74 хувиар өсчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын хилийн үнэ 2017 оны наймдугаар сарын байдлаар тонн тутамд 531 ам.доллар байжээ.