Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Гамшгаас хатуу хөл хорионы хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрээр өчигдөр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцав.

Замын заадсаар ус чийг орж эвдрэл үүсдэг. Замын заадас засах ажил нь суурь эвдрэл үүсэхээс сэргийлдэг гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ. 

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу зэрэг гол замуудын засварын ажлыг эхлүүлсэн байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байсан бол одоо бага байгаа учир зам засварын ажил эрчимтэй явж байгаа аж. 

Уржигдар Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээнээс бусад хэсгийн засварын ажлыг хийсэн бол өчигдөр нэгдүгээр эгнээний засварын ажлыг дуусгажээ.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг хийж байна. Нийт 188 мянган ам метр замын заадас нөхөх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгааг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Б.Галхүү хэллээ. Тавдугаар сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх юм. 

Нийслэлийн зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам.метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна.

Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг Хотын дарга үүрэг болгож, анхааруулав.



Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс