Хамгийн их хүн амтай СХД-ийн иргэдэд харьяаллын төрөх эмнэлэг байдаггүй. Зарим нь ЭХЭМҮТ-д, зарим нь 2-р төрөх буюу “Хүрээ амаржих газар”-т амаржиж байгаа. Төрөх эмэгтэйчүүд нэг газарт хянуулж, тэр газраа төрдөг дүүргийн эмнэлэгтэй болох асуудалд УИХ-ын гишүүн П.Анужин онцгойлон анхаарч байгаа бөгөөд цар тахлын хүнд үед улс эх орныхоо аюулгүй байдлын төлөө хүчээ бүрэн дайчилж байгаа эмч сувилагч, эмнэлгийн бүх ажилчдад талархал илэрхийлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НЗДТГ-тай хамтран  боловсон хүчнийг чадавхжуулах асуудалд онцгой анхаарах ёстой. Ялангуяа орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлгийн эмчилгээ, оношилгооны дүгнэлтүүд англи хэл дээр гардаг. Тиймээс эмч нарыг анхан шатны англи хэл биш, мэргэжлийн англи хэлний ахисан түвшний сургалтад хамруулж чадавхыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол хамгийн чухал. Хотын Засаг даргын хувьд би энэ асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллана” гэлээ.  

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн нэг эмч өдөрт 25-30 жирэмсэн эхийг үзэх ёстой. Гэтэл ачаалал ихтэй үед 50-60 эхийг үзэж байгаагаас эхчүүд гомдол гаргадаг байна. Тиймээс жирэмсэн эхчүүдийг үзэх таван эмч хэрэгтэй, мөн амбулаторийн тоног төхөөрөмж хуучирсан учир шинэчлэх шаардлагатай байгааг тус амбулаторийн эрхлэгч Ж.Болортуяа онцолсон. Баянхошуу бүс түр оршин суугчтайгаа нийлээд 120 мянга гаруй иргэнтэй. Зүүн салаанд амьдардаг хүн хавдрын үзлэгт орохын тулд 1-р хороолол, Цамбагаравын эмнэлэгт очихгүйгээр Баянхошуу амбулаторид үзүүлдэг кабинеттай байх, мөн дотоод шүүрэл, дархлааны системээ үзүүлдэг байх хэрэгтэй юм. 21-р зуунд сахрын өвчин, дотоод шүүрлийн өвчин ихсэж байгаа. Чихрийн шижин өвчнийг чимээгүй тахал гэж нэрлэдэг. Иргэд энэ өвчнөө мэдэхгүй удаан явснаар хүндрүүлдэг байна. Баянхошуу амбулатори бэлгийн замын өвчин, дотоод шүүрэл, хавдрын үзлэг хийдэг болох зорилготой ажиллаж байна.

СХД-ийн Эрүүл мэндийн төвийн салбар Баянхошуу амбулаторийн эрхлэгч Ж.Болортуяа “Баянхошуу амбулаторийн шинэ барилга 2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн. Ингэснээр эмнэлгийн хүчин чадал гурав дахин нэмэгдсэн. Хуучин ахмадын тасаг гэсэн нэртэй 35 ортойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо 100-150 орны хүчин чадалтай, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Амбулаторийн үйлчилгээндээ бид 25 төрлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр бэлэн болоод байна. Тусламж үйлчилгээний төрөл нэмэгдсэний хэрээр эмч, сувилагч, боловсон хүчний асуудал нэмэгдэж байна” хэмээн ярилаа.