Эх орныхоо нэрийг элдвээр хэлүүлж, элэг нэгтнүүдийнхээ чихийг "өгзөг барьсан" хэргээр алт болтол халууцуулсан эрхэм түшээ Д.Одбаяр өчигдөр эх орондоо сэмхэн морилсон сурагтай. Инчеон хотын цагдаагийн газар түүнд эрүүгийн хэрэг үүсгэлгүйгээр 7 сая воннын торгууль тавьснаар ийнхүү эх орондоо эргэн ирэх эрх үүссэн нь энэ. Төлөх мөнгө ч дүүрч, хүрээд очиход уулзах улаан нүүр л халуун юм. 

Өчигдөр тэрбээр "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардангуутаа гавьяа байгуулсан мэт тансаг зэрэглэлийн машинаар угтуулж, өндөр нууцлалын дор нисэх буудлаар нэвтрэлгүйгээр олонд харагдалгүйгээр бултан одсон гэх баттай бус мэдээлэл олны дургүйцлийг төрүүлж буй.

Гэмт хүн гэлбэлзэлгүй ч яахав. Гэхдээ зугтлаа гээд хаа холдоо билээ. Олны өмнө гарч ирэх, тайлбар хийх ёс зүйн үүрэг түүнд бий. Харин уг асуудлаас болж хариуцлага хүлээх үүрэг хуулийн хүрээнд байхгүй. Учир нь Улсын Их Хурлаас 2015 онд баталсан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудлыг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байсан юм. Гэвч уг заалтыг 2017 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хассанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Яаж ч жагсаж олон нийтийн эсэргүүцэлтэй учирлаа ч хуулиа л дагана гээд гэдийчихвэл түүнийг хэнбугай ч суудлаас нь түлхэж чадахгүй. Ёс зүйн хариуцлага хүлээж албан ажлаа өгөх л боломж бий ч одоогоор сураг алга. Гэхдээ хуулийн дээр "залардаг" түүнд БНСУ-ын хуулийн өмнө буруугаа хүлээсэн шигээ Монголчуудынхаа өмнө хийсэн хэрэгтээ уучлал хүсэх ухаан байгаа гэдэгт найдая. 

Шивэр авир ярианаас сонсох нь ээ тэрбээр тун удахгүй ажлаа өгөх сурагтай. 

УИХ-ын дарга М.Энхболдын талын хүн хэмээн яригддаг түүний намтрыг сөхөн үзвэл хувийн бизнес хийж байсан туршлага байдаггүй. 1987 онд Москва хотын Залуучуудын дээд сургууль, эвлэлийн ажилтан, 1997 онд Энэтхэгийн эрх зүйн үндэсний их сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш МАН-ын намын бүхий л шатны ажлыг хийж яваад Дорнод аймгийн засаг даргаар 4 жил ажиллаж байгаад УИХ-д хоёр ч удаа сонгогдсон, 

2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшин Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдсон. “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зүүж "төрдөө үнсүүлээд" амжиж.

Гэхдээ тэр албаа өглөө гэхэд энгэр дэх хоёр одонтой үлдэх хүн биш гэдгийг АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харагдана.

Д.Одбаяр  2016 онд жилийн орлогоо 15 сая төгрөг гэж мэдүүлдэг байсан бол Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсон жилээс эхлэн 47.9 сая төгрөг болж огцом өссөн байгаа юм.

Гэр бүлийн орлого нь ч бас 2016 онд 19 төгрөг байснаа мөн л түүнийг Үндсэн хуулийн цэцийн даргаар томилогдсон жилээс эхлэн 39 сая болж өсжээ. Амины орон сууцгүй, зуслангийн байшингүй, авто зогсоол, үнэт эдлэлгүй гэж мэдүүлжээ. 320 сая төгрөгийн 3 орон сууцтай, 50 саяар үнэлсэн Toy­ota Rav­4 болон Prius­-тэй юм.

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт дээрээ тэрбээр “Ремикон” ХК­ийн 63 хувийг буюу 495000ш хувьцаа эзэмшдэг гэжээ. Насаараа төрд ажилласан юм бол ямар мөнгөөрөө ийм их хувьцааг худалдан авсан гэдэг нь эргэлзээ төрүүлнэ.

Юутай ч түүнтэй нэр холбогдож буй тус компани хөрөнгийн бирж дээр зэрэглэл дээгүүр буюу II ангилалд багтдаг 16 компанийн нэг юм.  2008 онд IPO хийж байсан түүхтэй. Тухайн үед хамгийн том буюу 22,44 хувийг эзэмшигч нь Х.Ганхуяг байсан юм. Тэгэхээр Д.Одбаяр сүүлд тоглогчоор орж ирсэн гэсэн үг. 

Одоогоор “Ремикон” ХК-­ийн хөрөнгө нь 20.4 тэрбум төгрөгт хүрээд буй.

Сонирхолтой нь эрхэм даргын нэр хүнд өгзөгний хэргээс болж навс унасан байхад хувьцааны ихэнхийг эзэмшдэг "Ремикон"-ий ханш энэ сар тасралтгүй өсжээ. Уг нь сөрөг мэдээлэлд хамгийн эмзэг байдаг хөрөнгийн зах зээл дээр ийнхүү өссөн нь гайхмаар..

Өсөлтийг ЭНД дарж үзнэ үү.