Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр нийт 66 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй байна. Коронавирусийн халдвар авсан хоёр оюутан эдгэрэн өнөөдөр ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны хяналтад шилжжээ. Улмаар манай улсад коронвирусийн нийт 141 тохиолдол бүртгэгдсэний 32 нь эдгэрээд байна.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад тавдугаар сарын 20-30-ны хооронд дархлаажуулалтын 10 хоног болж байна. Жилд хоёр удаа дархлаажуулалтын аяныг зохион байгуулдаг. Үүнд вакцинаасаа хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулдаг. Энэ бол маш чухал. 

Коронавирусийн улмаас хөл хорио тогтоож, олон улсын нислэгүүдийг зогсоосноор одоо дэлхийн 88 оронд 63 сая хүүхэд товлолын вакциндаа хамрагдах боломжгүй байна. Харин манай улс тусгай үүргийн онгоцоо ашиглаад шаардлагатай вакцинаа бүрэн авч чадсан. Вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаас нэгдсэн журмаар хангадаг. 

2015-2016 онд 50.000 гаруй хүүхэд улаанбурханаар өвдсөн. Энэ нь вакцин хийлгээгүйгээс болсон. 2018-2019 онд бид нөхөн дархлаажуулалт хийж, энэ өвчний талаар ямар ч асуудалгүй болсон. Бусад улс оронд улаанбурхан өвчин дэгдэж, сандаргаж байгаа. Иймд одоо үргэлжилж буй дархлаажуулалтын 10 хоногоор вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" хэмээлээ.

Дархлаажуулалтын талаарх мэдээллийг хүргэж байна.