АДДИС-АБЕБА. /UNESCO/. Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. 2019 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн гол арга хэмжээг Этиопын нийслэл Аддис-Абеба хотноо тавдугаар сарын 1-3-ны хооронд зохион байгуулж байна.

Арга хэмжээний үеэр 100 гаруй орны төлөөлөгчид өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцож, хэвлэлийн эрх чөлөөний аюул занал, ололт амжилтын талаар хэлэлцэж байна. 

Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: хуурамч мэдээллийн үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” хэмээх сэдвийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээний үеэр хуралдаан, мэтгэлцээн зэрэг өргөн хүрээний олон төрлийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа ажээ. 

Хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах чиглэлд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн олгодог "Гуйллермо Каногийн нэрэмжит Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагнал"-ыг  ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулай гардуулах юм. 

Арга хэмжээний үеэр мөн сэтгүүлчдийн аюулгүй байдлын талаарх эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, өөрсдийн судалгаагаа хуваалцаж, хэлэлцэх боломжийг олон салбарын судлаачдад олгох ажээ. Үүний зэрэгцээ хэд хэдэн соёлын арга хэмжээ болон урлагийн тоглолтууд энэ удаагийн арга хэмжээний хөтөлбөрт багтсан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг