Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн өнөөдрийн хуралдаанаар зарим намын бүртгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцэв.

Улмаар Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. 

Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т: Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ.

Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа.

Улс төрийн намын тухай хуулийн 21.2-т Намын дүрэм, мөрийн хөтөлбөр, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Yндсэн хууль, энэ хуультай нийцэж байгаа эсэхэд Улсын дээд шүүх хяналт тавина. Нам өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөртөө оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 10 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлнэ.

Ард Түмнээ Хайрлая намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.Тус намыг Л.Гүндайлай үүсгэн байгуулсан бөгөөд Л.Аззаяа эхнэр нь аж.

Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Иргэний Зориг Ногоон намын хүсэлтийг хэлэлцээд хангахаас татгалзаж шийдвэрлэв.


Эх сурвалж: Улсын Дээд шүүх