Онолбаатарын Анужин
10 сарын 16, 2026
Боловсролын яамнаас Европын Холбооны гишүүн орнуудын төлөөлөлтэй хамтран Эрасмус+ хөтөлбөр болон олон улсын санхүүжилт, тэтгэлэгт суралцах боломжуудыг танилцуулах мэдээллийн уулзалт энэ сарын 14-ний өдөр ШУТИС-д зохион байгууллаа.
Уулзалт нь дээд боловсролын сургалтын байгууллагуудад олон улсын хамтын ажиллагаа, төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийн боломжуудыг танилцуулах, оюутнуудад Эрасмус Мундус болон ахисан түвшний сургалтад хамрагдах, тэтгэлэгт суралцах боломжийн талаар мэдээлэл өгөх зорилготой юм.

EACEA-ийн төлөөлөгчид Эрасмус+ хөтөлбөрийн олон улсын хамтын ажиллагааны чиглэл, Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх /CBHE/ төсөл болон Монголын байгууллагуудад нээлттэй бусад санхүүжилтийн боломжийг танилцуулав. Түүнчлэн Эрасмус+ хөтөлбөрийн 2027 оны төсөл сонгон шалгаруулалтад бэлтгэх хүрээнд оролцох нөхцөл, шаардлагатай танилцах, тохирох түнш байгууллагыг тодорхойлох, байгууллагын хөгжлийн хэрэгцээнд нийцсэн төслийн санал боловсруулахын ач холбогдлыг онцоллоо.
Оюутнуудад зориулсан хэсэгт Эрасмус Мундусын хөтөлбөр болон ахисан түвшний сургалтад хамрагдах боломжуудыг танилцууллаа. Мөн Эрасмус+ хөтөлбөрийн үндэсний холбоо барих ажилтны /ENFP/ үүрэг, байгууллага болон өргөдөл гаргагчдад үзүүлэх мэдээлэл, дэмжлэгийн талаар мэдээлэл өгсөн юм.

Европын Холбооны гишүүн орнуудын боломжуудыг танилцуулах хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамнаас илтгэл, Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамнаас видео танилцуулга хүргэв. Түүнчлэн оюутнуудад зориулсан Европын Холбооны Улсуудтай хамтран хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл өглөө.
Боловсролын яам их сургуулиудыг олон улсын хамтын ажиллагааг байгууллагын хөгжлийн бодлоготой уялдуулж, Эрасмус+ хөтөлбөрийн 2027 оны сонгон шалгаруулалтад эртнээс бэлтгэхийг уриалав. Өмнө нь төсөл хэрэгжүүлсэн байгууллагууд туршлагаа шинэ оролцогчидтой хуваалцаж, оюутан, багш, ажилтан болон дээд боловсролын салбарт тогтвортой үр өгөөж өгөх төслүүдийг хамтран боловсруулахын ач холбогдлыг онцоллоо.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.