Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 20, 2023
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Даншиг наадам Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, Балин тосон урлалын тэмцээн, Лам нар, Унзад, голч нарын тэмцээн зохиогддог ба Даншгийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, Цам харайх, Сор залах, Соёмбот туг залах, Шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Мөн энэ үеэр жижиг дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа болон ёс заншил харуулсан Гэр хотхон, Уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, Эртний Монгол хоол, хүнсний үзэсгэлэн байгуулагдаж Хүчит бөхийн барилдаан, Хурдан морь болон Жороо морины уралдаан, Шагай харвааны наадам, Дэмбээний тэмцээн, Морин цирк, Морьт харвааны тэмцээн болох юм.
Даншиг наадам анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй баяр.
Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ, Бурханы шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог юм. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчид хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг билээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.