Монгол Улсаа төлөөлөн 11 улсад суух Элчин сайд нарыг томилох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн.

Тэдгээрээс Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоор болоод буй Ц.Цэнгэлийн англи хэлний түвшин шаардлага хангах хэмжээнд хүрэхгүй байна гэсэн мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдаад буй.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас тодруулахад "Элчин сайд бол дипломат төлөөлөгчийн газрыг удирддаг. Төрд өндөр алба хашиж байсан, төрийн бодлогыг хэрэгжүүлж байсан хүмүүсийг тус албанд томилох тохиолдол олон байдаг. Бусад оронд ч ийм. Болгарт суух Элчин сайд болгар хэлтэй байвал бидэнд сайн. Гэхдээ манайд Элчин сайдын түвшинд бэлтгэгдсэн Болгар хэлтэй хүн байхгүй. Ц.Цэнгэл бол орос хэлтэй. Хэрэгтэй үед нь орчуулга хийгээд өгөх мэргэжлийн баг тус улсад ажиллаж байгаа. 

Ц.Цэнгэл гэдэг хүнийг Болгар дахь Элчин сайдаар томилоход англи хэлтэй эсэх нь миний хувьд чухал биш. Харин энэ хүн УИХ, Засгийн газрын гишүүн, төрийн бодлогыг УИХ-ын гишүүн, сайдын хувьд явуулж байсан. Энд төрийн өндөр албыг хашиж байсан хүн тэнд ч хашиж болно" хэмээлээ.

Ц.Цэнгэлийн англиар ярьж буй бичлэгийг хүргэж байна.

Ц.Цэнгэл

Тэрбээр төрийн албанд 36 жил зүтгэсэн бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өнгөрсөн оны сүүлээр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөгдсөн юм.

Ажилласан байдал:

  • 1983-1990 онд Эрчим хүчний нэгдсэн засварын газрын дарга
  • 1990-1996 онд ТЭЦ-3 ТӨХК-д гадаад худалдаа хариуцсан менежер
  • 1996-2000 онд "Хасвуу" ХХК-д ерөнхий захирал
  • 2000-2004 онд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 
  • 2006-2008 онд Зам тээвэр, аялал жуулчлалын сайд 
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2012-2013 онд "Таван толгой" ТЭЦ төслийн зөвлөх
  • 2012-2015 онд "ДСЦТС" ТУЗ-ийн дарга
  • 2015-2019 оны 12 дугаар сарыг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан.