Засгийн газар аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр нэрлэж, 2023-2025 оныг Монголд зочлох жилээр зарласан. Үүнтэй холбогдуулан “Монголын эдийн засгийн форум”-ыг 2023 оны долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулахаар тогтжээ.

Арав дахь удаагаа зохион байгуулагдах форумыг нийт 1500 зочин төлөөлөгч зорин ирж байна. 

Тодруулбал, төр засгийн 300, гадаадын 500, хувийн хэвшлийн 300, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл 400 тус тус байгаа ажээ. 

“Монголын эдийн засгийн чуулган-2023”-ын талаар өнгөрсөн Баасан гаригт “Ард санхүүгийн нэгдэл”-ээс мэдээллээ. Тус нэгдэл чуулганыг зохион байгуулагч хувийн хэвшлийн гол байгууллагаар ажиллаж ирснийг “Монголын Эдийн засгийн форум” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг хэлэв. 

Монголын эдийн засгийн форумын ерөнхийлөгч зохицуулагч Ж.Алтангүний “Welcome to Mongolia” уриан дор болох энэ удаагийн чуулганыг өмнөх форумуудаас онцлогтой зохион байгуулж байна. 

Өмнө нь чуулган зөвхөн Төрийн ордонд нэг өдөр хуралддаг байсан бол энэ удаагийн чуулган 3 өдөр үргэлжилж, салбар хуралдаанууд болон нүүр тулсан ажил хэргийн уулзалтууд “Чингис хаан”-ы музей, “Шангри-Ла” зочид буудал зэрэг 5-6 байршилд болно. Урлаг, соёлын үйл ажиллагаанууд УДЭТ болон Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт болно" гэв.

Монгол Улсад хөрөнгө оруулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонирхож оролцохоо мэдэгдэж, урьсан оролцогчдын тоо өмнөх жилүүдээс эрс нэмэгджээ. Энэхүү форумд банк, санхүү, хөрөнгө оруулалт, бизнесийн “BlackRock”, “J.P.Morgan”, “Goldman Sachs” зэрэг дэлхийн томоохон компани, байгууллагуудын төлөөлөл ирж оролцох юм байна. 

Эдийн засгийн салбарын ажил хэрэгч хүмүүс, бизнесийнхний нүүр тулсан VIP уулзалтууд, манлайлагчийн уулзалт, залуучуудын яриа хэлэлцээ зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн тул үйл ажиллагаа өмнөхөөс өргөн дэлгэр болохыг Ч.Ганхуяг онцлов.

Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг 2012 онд өндөр өсөлттэй байснаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголд олноор ирж байсан. Тэр үе шиг өнөөдөр Монгол Улсын эдийн засаг хоёр оронтой тоонд шилжиж буй энэ үед дэлхийн банк, санхүү, хөрөнгө оруулагчдын болон олон улсын байгууллагуудын томоохон төлөөлөгч нар манай улсыг сонирхон ирж байна" гэв.

“Монголын эдийн засгийн чуулган-2023”-аар Бодлогын “Tink tank” зөвлөл байгуулахыг мэдэгдлээ.

“Монголын Эдийн засгийн чуулган-2023”-ы салбар хуралдаанууд “Ирээдүй хөгжил-Газрын ховор элемент, зэс, уран”, “Хөрөнгө оруулалтын орчин”, “Шинэ эрчим хүчний эх үүсвэр-Нар, салхи, устөрөгч”, “Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж-Далайд гарцгүй орны гарц” зэрэг сэдвээр болох юм байна. Мөн соёл, урлагийн үйл ажиллагааны үеэр чуулганы зочид, төлөөлөгчдөд “Тамгагүй төр” жүжгийг англи хэлээр тоглож үзүүлэхээр төлөвлөжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын парламентын засаглал болон Монгол Улсын эдийн засгийн талаар үндсэн гол илтгэлүүдийг, мөн Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч болон “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга ирж биечлэн оролцож, илтгэл тавих юм байна

Мэдээллийн үеэр Дэлхийн Эдийн засгийн форумын “Шинэ аваргууд” нийгэмлэгийн гишүүн байгууллагаар Монгол Улсаас “Ард санхүүгийн нэгдэл” анхны гишүүн компани болсныг тус нэгдлийн гүйцэтгэх захирал асан, эдийн засагч Ч.Ганхуяг дуулгалаа.