Хүннүгийн эзэнт гүрний үеэс XX зууны эх хүртэлх 2000 жилийн хугацаан дахь хаад, язгууртан, нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан төрт ёсны “Чингис хаан” музейг өнөөдөр нээн, есөн хөлт цагаан туг тахих ёслол боллоо. Нээлтэд төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүд, Хотын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар, төр, нийгэм, урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд оролцсон юм.

Музей олон нийтэд нээлттэй болсноор монголчуудын түүх, соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоо нэмэгдэх зэргээр нийслэлийн аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулах юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Их эзэн Чингис хаан болон түүнийг залгамжилсан их хаадын үйл хэргийг монголчууд бид судлан шинжилж, хадгалан хамгаалж, улс орондоо төдийгүй дэлхий ертөнцөд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь эзэн хаанаараа овоглосон монгол хүн бүрийн үеийн үед эрхэмлэн дээдлэх учиртай ариун үүрэг. Монголын түүхэнд тодоор үлдэх энэхүү түүхэн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан уран бүтээлчид, зураач, дархчууд, барилгачид, инженер техникийн ажилчид, төрийн албан хаагч, Соёлын яам, “Чингис хаан” музейн удирдлага, хамт олон болон бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүн, байгууллага хамт олонд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээлээ.

“Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун тус музей нь Ази тивдээ эхний 10-т багтах хэмжээтэй, эх үзмэрийнхээ эзлэх хувиар тэргүүлсэн, аюулгүй байдал, сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын хамгийн орчин үеийн шийдэлтэй, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан, нүүдэлчин иргэншлийн цогц түүхийг харуулж чадахуйц гэдгийг онцлов.