ХӨСҮТ-ийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Ч.Гантуултай ковидын халдвар  болон дархлаажуулалтын талаар ярилцлаа.

-Цар тахал дэгдсэн  хоёр жилийн хугацаанд  Халдварт өвчин  судлалын үндэсний  төв ачааны хүндийг үүрсэн. Өнөөдөр ч  улаан бүст үүрэг гүйцэтгэсэн хэвээр.  Та гэхэд л  хөдөө, орон нутагт тахал илэрсэн анхны тохиолдолд томилогдож ажилласан? 

-Монгол Улсад  ковидын анхны тохиолдол  2019 онд бүртгэгдсэн  тэр л өдрөөс    манай халдвартын эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд   ачааны хүндийг үүрч, маш хүнд нөхцөлд ажиллаж ирлээ. Хүн нөхцөл гэдэг нь улаан бүсийг хэлж буй хэрэг.  Улаан бүс халдвар ихтэй орчин. Бүх шатны вакцинд  хамрагдсан тулдаа  л дунд зэргийн явцтай өвдөөд өнгөрцгөөсөн, тийм биш бол хүндрэх магадлал маш  өндөр байсан. 

Вакцины ач тус маш  их гэдгийг улаан бүст үүрэг гүйцэтгэж буй эмч хүний хувьд зөвлөх байна. Улаан бүс, тусгаарлалт, орон нутгийн томилолт  гэж явсаар  нэг л мэдэхэд хоёр жил өнгөрч.  Ард олныхоо эрүүл энхийн манаад зогсох тангараг өргөсөн эмч, эмнэлгийн ажилтан бидэнд ухрах, цуцах, ядрах эрх байхгүй.  Завхан аймгийн Шилүүстэй суманд ковидын анхны  тохиолдол гарахад ХӨСҮТ-өөс таван хүний бүрэлдэхүүнтэй баг очиж  ажилласан. Миний бие эмчээр нь явсан. Тэнд манай багаас гадна сумын болон Завхан аймгийн эмнэлгийн эмч, сувилагчид, аймгийн МХЕГ  зэрэг байгууллагууд   хамтарч ажилласан. Тухайн  үед сумаас аймагт, аймгаас Улаанбаатар хотод зөөвөрлөн эмчилдэг байсан. Манай багийн үүрэг  мэргэжил арга зүйгээр хангаад буцах байсан боловч   өвчтөн маань   тээвэрлэх боломжгүй маш хүнд, цус алдах эрсдэлтэй, хавдартай хүн байсан. Тийм учраас  мэргэжлийн баг коронавирусийн халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, орон нутгийн онцлогт тохируулан  эмчилсэн. 

Энэ эмчилгээ маань  хийгдсэн  хамгийн анхны тохиолдол  хэдий ч  манай багийн хувьд хөдөө, орон нутагт ковидын эмчилгээг нутагшуулж чадсандаа баяртай  харьж ирсэн. Манай эмнэлэг лавлагаа төв гэдэг утгаараа  хөдөө,орон нутгийн эмнэлэг,  эмч, ажилчдыг орон нутагт нь очиж  мэргэжил арга зүйгээр хангах үүрэг хүлээдэг.

-Иргэд вакцины III тунд  хамрагдах байдал нэг үеэ бодвол ахицтай болж байна. Та манай уншигчдад вакцинд хамрагдахын ач холбогдлыг хэлж өгвөл?

-Ард иргэддээ  “Нийтээрээ III тундаа идэвхтэй хамрагдаарай” гэж улаан бүст ажиллаж байгаа эмч хүний хувьд уриалмаар байна. 

Нэг үеэ бодвол нас харгалзахгүй вакцинд  хамрагдаж байгаа  иргэд вакцины ач тусыг ойлгосных юм болов уу даа. Дээр үед халдварын индекс өндөртэй, хүний амь нас эрсдүүлдэг халдварт өвчин их байсан.  Яагаад  өвчлөл зогссон гэхээр вакцин гарч,  түүнийг ард иргэд хийлгэсний ач тус юм шүү дээ. 

Дархлаажуулалтын III тундаа хамрагдсанаар халдвар авахаас сэргийлнэ, дархлаа дэмжинэ, сэргээнэ, халдвар авсан ч хүндрэхээс сэргийлнэ. Би өөрөөрөө  жишээ татахад   дархлаажуулалтад  бүрэн хамрагдсан тулдаа харьцангуй хөнгөн өвдсөн. Дээр нь би чинь минут секунд тутамд өвдсөн хүнтэй нүүр тулж, тэднийг гардан эмчилж байна. 

Галын шугамд ажиллаж байгаа бид вакцины ач тусыг биеэр мэдэрч байгаа тул  ковидоос хамгаалах гол хүчин зүйл бол вакцин шүү гэж хэлье. Дэлхий нийтээрээ  вакцины ашиг тусыг  ойлгож байхад бид ч цаг алдалгүй хамрагдах ёстой.  Ингэж л учирч болзошгүй аюулт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаална шүү дээ. 


-Вакцин хийлгэсэн, хийлгээгүй  өвчтөний хооронд ялгаа гарч байгаа байх. Гардан эмчилж байгаа хүний хувьд ялгааг нь хэлж өгөөч? 

-Ялгаа байлгүй яах вэ. Маш том ялгаа гарч байгаа. Зарим  хүн   нэмэлт тун хийлгэсэн ч тусна, хийлгээгүй ч тусна гэдэг маш том буруу ойлголттой яваад байх юм.  

Халдвар авсан тохиолдолд вакцингүй иргэд үнэхээр хүнд өвдөж байна, харин хийлгэсэн иргэд нь харьцангуй хөнгөвтөр, дунд зэргийн явцтай өвдөж байгаа нь хамгийн наад захын жишээ. Цаашлаад уушгинд үүсэж байгаа  нэвчдэс харьцангуй бага,хүндрэл,  нас баралт ч бага байна. 

Нас нь залуу ч вакцин хийлгээгүйн улмаас  ковидоор  өвдөөд нас барсан  тохиолдол олон бүртгэгдсэн. Ийм болохоор л вакцины III тундаа хамрагдаарай гэдгийг л дахин дахин хэлээд байгаа хэрэг.  Бид ингэж байж л өөрийгөө, гэр бүлээ, ажлын хамт олноо, эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, цар тахлаас урьдчилан сэргийлж чадна.

- Эхний хоёр тун вакцин хийлгэсэн иргэд III тун хэрэггүй  гэдэг буруу ойлголттой яваад байна.  Ер нь вакцины үйлчлэх хугацаа, хоорондын зай давтамжийн талаар ч өөр өөр тайлбарууд яваад байна?

-Энэ ёстой буруу ойлголт, ковидын халдвар намдаагүй  байтал омикрон гэдэг шинэ хувилбар дэгдчихлээ.  Заавал III тунгаа авч байж өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаална гэдгийг дахин,  дахин хэлээд байгаагийн шалтгаан нь ердөө л  энэ. Нас залуу, ужиг өвчингүй, бие эрүүл гэж бодож болохгүй, яагаад гэхээр тухайн хүний бие махбод,  организм нь тухайн халдварт үзүүлж байгаа хариу урвал, дархлаа тогтоц, энэ бүгдээс шалтгаалах учраас эхний хоёр тунгаа хийлгэсэн боллоо гэж бодож болохгүй. 

Судалгаанаас харахад халдвар аваагүй иргэд вакцинд хамрагдах нь илүү байна гээд байгаа, эндээс харахад л вакцин хэр хамгаалж байна гэдэг нь ойлгомжтой байгаа юм.  Тэгээд ч энэ халдвар тасраагүй,  өөр өөр хувилбарууд  гарч ирсээр байгаа. Вакцины үйлчлэлийн хугацааны хувьд дөрвөн сараас ихгүй хугацаанд хүний биед үйлчилдэг. Иргэдийн дунд зургаа буюу түүнээс дээш  гэсэн зөрүүтэй ойлголт яваад байгаа. Халдвараар өвдөөд эдгэрсэн иргэд ч мөн вакцин хийлгэхээс  зайлсхийх хэрэггүй. Тиймээс иргэд тухайн эмч, эмнэлгийн ажилтныхаа заасан хугацаанд вакциндаа хамрагдах нь зөв.

-Вакцин хийлгэсний дараа хүний биед  ямар нэг байдлаар өөрчлөлт орж байна гэх   яриа яваад байна?

-Хүний биед вакцин орж л байгаа юм чинь түүнтэй холбоотой вакцины дараах  янз бүрийн урвал явагддаг. Бага насны хүүхэд ч вакцинаа хийлгэсний дараа тухайн хэсэг газар хавдах, өвдөх, халуурах, уйлах гэх мэт хариу үйлдэл илэрдэг. Үүнийгээ хүүхэд үгээр илэрхийлж чаддаггүй. Харин насанд хүрэгчид толгой өвдөөд, даралт ихсээд, булчин өвдөөд байна гэдэг. Ямар ч вакцины үед үүсгэгч нь хүний биед орж  байгаа учраас тодорхой хэмжээний зовуурь өгдөг. Тэгэхээр  үүнээс айж, эмзэглэх шаардлагагүй. Өмнө нь  бид үр хүүхдүүдээ вакцинд хамруулаад, олон  халдварт өвчнөөс сэргийлээд явж байсантай  адилхан,  энэ удаагийнх ч  мөн адил цар тахлын эсрэг хийж буй  вакцин шүү дээ.

-Омикроны  талаар  мэдээ­лэл өгнө үү. Энэ  вирусийн илрэх байдал нь ковидоос өөр үү, мөн энэ халдвараас хамгаалахад  вакцин хэр нөлөөтэй, хувь хүн юу анхаарах вэ  гэдэг талаас нь мэдээлэл өгөхгүй юу?

- Дэлхий нийтэд шинэ төрлийн  омикрон хувилбар дэгдсэнтэй  холбогдуулан  эрдэмтэн судлаачид хам шинжийг нь судалж эхэлсэн.   Судалгаагаар маш богино хугацаанд олон хүнд  халдварладаг болох нь тогтоогдсон. Энэ халдвараар өвдсөн хүмүүс дээр  туршилт, судалгаа хийгдэж байна. Үнэхээр хүнд явцтай, олон хүнийг хамарч  нас баралт өндөр байна,  эрсдэл маш их өндөр гэсэн мэдээлэл одоогоор алга. 

Харин ч энэ хувилбар хөнгөн явцтай байна гэсэн мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Мэдээж суурь өвчтэй хүмүүс, дархлаажуулалтад хамрагдаагүй хүн  ялгаагүй хүнд л өвдөнө.Иймээс хэвлэлд гарч байгаа “хөнгөн” гэсэн мэдээлэлд бүрэн итгэж болохгүй. 

Хувь хүнээс бүрэн  шалтгаалах учраас  вакцинаа хийлгэ, маскаа зүү, гараа угаа, хүн хоорондын зайгаа барь, хамар хоолойгоо зайлж хэвших, тосон түрхлэгийг хамрын үзүүртээ түрхэх, халдвар хамгааллын дэглэмээ маш сайн барих  хэрэгтэй, өөртөө  болон гэр бүлдээ тавих хяналтаа  сулруулж болохгүй гэдгийг л  анхааруулж хэлмээр байна.

-Ард иргэдийн дунд “Вакцины хугацаа арван­хоёрдугаар сард дуусах юм гэнэ. Тэрнээс нь  өмнө дуусгах гээд шахаад байгаа” гэсэн зүйл яригдаад байгаа. Ийм байж болох уу?

-Хэзээ ч тийм юм байхгүй шүү. Манайд олон улсын чанарын стандартыг хангасан  вакцины тусгай зориулалтын  маш том агуулах баригдсан. Вакцин болгон хугацаатай, хугацаа, сери  нь ампул дээрээ тавигдаад ирдэг. Аль нь хэдэн сарын хэдэнд дуусах, яг ямар хугацаатай байна,  хэдэн хэмийн орчинд хадгалах вэ гэх мэт бүх зүйл нь стандартын дагуу  хадгалагдаж байгаа.  

Засгийн газар ч дуусах гэж байгаа бүтээгдэхүүн худалдаж  авахгүй. Омикрон гэдэг шинэ хувилбарын дараа юу гарч ирэхийг бид мэдэхгүй. Иймд дархлаажуулалтаа маш сайн хийж байж л энэ өвчнийг дарна шүү дээ. Тухайн иргэнд вакцины ампул дээрх сери, дугаар, хугацааг бүгдийг харуулж байгаад вакцинаа  хийдэг. Хийлгэсэн иргэд мэдэж байгаа даа.  Вакцины хадгалалт, хамгаалалт, хугацааны талаар эргэлзэх хэрэггүй гэдгийг хэлэх байна. 

-Дэлхийн улс орнуудад III тунгийн хамрагдалт ямархуу байгаа талаар та нарт мэдээлэл байгаа  байх?

-Хөгжингүй орнуудад уриалга нэлээд хийж байгаа, тэр хэрээрээ ч III тунд хамрагдалт харьцангуй нэмэгдэж  байгаа юм байна. Гадаадад аялах, олон нийтийн ажилд оролцох, ажилд ороход хүртэл вакцинжуулалтыг нь харж байгаа юм билээ. Ер нь дэлхий нийтээрээ III тунд хамрагдацгаая гээд жигд шаардлага тавигдаж байгаа.

Эх сурвалж: “Монголын мэдээ”  сонин