Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын түр цэг нэмлээ

Л.Дэлгэрмаа
11 сарын 22, 2021

Нийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. 

Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн  амьдралд шилжих боломж бүрдэнэ. Тиймээс дархлаажуулалтын түр цэгийг олон газарт нэмж ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт томоохон зах худалдааны төвүүдэд 24 түр цэг нээсэн бол өнөөдрөөс зарим их дээд сургуульд дархлаажуулалтын түр цэгийг нэмж ажиллуулж буй юм. 

Өмнө нь МУИС, МЗХ дээр цэг ажиллуулж байсан бол өнөөдрөөс ШУТИС, ХААИС, АШУҮИС-д вакцинжуулалтын цэг нээж байна. Дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар эмч мэргэжилтнүүд болон оюутнуудын сэтгэгдлийг сонслоо.

-Манай сургууль Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ болон сургуулийнхаа Оюутны холбоотой хамтран оюутнууд болон багш ажилчдадаа чиглэн ажиллаж байна. 

Эхний байдлаар судалгаа авахад оюутнууд сургууль дээрээ вакцинд хамрагдах хүсэлт их ирсэн. Өнөө өглөөнөөс дархлаажуулалтын түр цэг ажиллаж эхэлсэн. Маш их ачаалалтай, оюутнууд маань идэвхтэй хамрагдаж байна. Энэ нь спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад  III тун хийлгэсэн байхыг шаардаж байгаатай ч холбоотой гэж ШУТИС-ийн оюутны холбооны тэргүүн И.Эрдэнэбүрэн хэллээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын эмч Н.Бадамханд:

-ШУТИС-ийн хэмжээнд 20 гаруй мянган оюутантай. Тус сургуульд дархлаажуулалтын хоёр цэг гурав хоногийн турш ажиллана. Өглөөнөөс эхлээд бага үд хүртэлх хугацаанд 100 гаруй оюутан нэмэлт тунд хамрагдаад байна. Үдээс хойшдоо хичээл тарах үед нэмэгдэх магадлалтай гэлээ.

-Дархлаажуулалтын нэмэлт тун хийх ажлыг манай АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн клубээс зохион байгуулж байна. Манай сургуулийн оюутнууд III тунд өргөн хүрээнд хамрагдаж байгаа. 

Ковид-19-ийн дархлаажуулалтын баг сургууль дээр ирж ажиллаад цаг гаруйн хугацаа болоход 100 гаруй оюутнууд хамрагдаад байна. Энэ түр цэг маань арваннэгдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагт ажиллана. Энэ хугацаанд амжиж нэмэлт тундаа хамрагдвал сайн байна. Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар тусахгүй байхын дээр туссан ч хөнгөн тусдаг гэдгийг оюутнууддаа сануулж байна хэмээн АШУҮИС-ийн оюутнууд уриаллаа. 


Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.