П.Мөнгөнсор
09 сарын 17, 2026
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтмэн хиймэл оюунд даалгавар өгөхдөө эелдэг байхыг хичээж, сул үг хэрэглэх нь компанийн эрчим хүчний зардалд олон сая долларын үргүй зардал нэмдэг болохыг хэлж байв.
Өнгөц харахад хошигнол шиг боловч энэ нь цаанаа дата төвүүдийг ажиллуулахад зарцуулж буй эрчим хүчний хэт хэрэглээ, усны зохисгүй хэрэглээ, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг хөндсөн чухал сэдэв юм.
ChatGPT болон үүнтэй адил төстэй хиймэл оюуны платформууд “Large Language Model” буюу асар том хэлний модельд суурилан ажилладаг. Эдгээр загварыг сургах, хэрэглэгчийн хүсэлтийг боловсруулахад өндөр хүчин чадалтай мянга мянган GPU буюу график боловсруулах процессор ашигладаг.
Өөрөөр хэлбэл, бид хиймэл оюунаас асуулт асууж, ажлаа хөнгөвчлөх бүрдээ тодорхой хэмжээний тооцооллын нөөц, эрчим хүч ашигладаг гэсэн үг.
Вашингтоны их сургууль болон “Allen Institute for AI” хүрээлэнгээс 2023 онд хийсэн судалгаагаар LLM-тэй хийсэн нэг удаагийн харилцан үйлдэл 0.14 киловатт-цаг хүртэл цахилгаан эрчим хүч зарцуулдаг гэжээ.
Энэ нь ойролцоогоор 14 ширхэг LED гэрлийг нэг цагийн турш асаахтай тэнцэх хэмжээний эрчим хүч юм.
Дэлхий дээрх сая сая хүн өдөр бүр хиймэл оюун ашигладаг бол нийт эрчим хүчний зардлын хэмжээ замбараагүй их тоо гарах нь дамжиггүй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр хиймэл оюуны дата төвүүд дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 2 хувийг хэрэглэдэг аж. Хамгийн гол нь энэ хэрэглээ цаашид ч өсөх хандлагатай байгаа нь хүн бүрд хариуцлагатай хэрэглээний чухлыг хэлж, сануулж байх шиг.
Алтмэний зовнилын тухайд
2024 оны судалгаагаар Америкчуудын 67 хувь нь хиймэл оюуны чатботуудтай харилцахдаа тогтмол эелдэг үг хэллэг ашигладаг гэжээ. Тэдний 55 хувь нь үүнийг ёс зүйн хувьд зөв гэж үздэг бол үлдсэн 12 хувь нь “Хэзээ нэгэн цагт AI бослого гаргавал эелдэг харилцсан учраас өөрсдийг нь өршөөх байх” хэмээн хошигнон хариулжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.