Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага нь (ОУХБ) НҮБ-ын хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрөлжсөн агентлаг бөгөөд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тогтоож, хөдөлмөрийн хүрээний эрхүүдийг хангах, зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хөдөлмөрийн асуудлаарх нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр ажилладаг.

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн ажлын албатай хамтран ОУХБ-ын Хятад, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Чанхи Литай “ОУХБ ба нийгмийн яриа хэлэлцээний тухай” уулзалт, ярилцлага өрнүүллээ.

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Чанхи Ли ОУХБ-д 26 жил Азийн олон орныг хариуцан ажилласан туршлагатай юм. Тэрбээр “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг тодорхойлсон 190 конвенц хэрэгжиж байгаагаас Монгол Улс 21-д нь нэгдэн ороод байна. Энэ бол сайн ч биш, муу ч биш үзүүлэлт” гэж мэдэгдэв.

Чанхи Ли анх 2001 онд, ОУХБ-д хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн байхдаа манай улсад ирж ажиллаад, сэтгэгдэл маш өндөр буцаж байжээ. Тэр үед Азид гурван талт түншлэлээр үлгэр жишээ хоёр орны нэг нь Монгол Улс, нөгөөх нь Сингапур байсан гэв. Тэрбээр Монгол Улсад хоёр жилд нэг удаа болдог Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр ирэх долоо хоногт эхлэх гэж байгааг онцлоод, иргэдийн болон улсын эдийн засагт чухал нөлөө бүхий энэ үйл явдлын талаар олон нийт мэдээлэл багатай, бас бага анхаарч байгааг хэллээ.

"МОНГОЛД ГУРВАН ТАЛЫН ТҮНШЛЭЛ МАШ ЧУХАЛ"

ОУХБ-ын Хятад, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Чанхи Литай уулзалтын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Манай улсын 1.3 сая ажиллах хүчний 60 хувь нь залуус. Шинэ залуу ажиллах хүч, ажил олгогчдын дунд бэрхшээл ч үүсэж байна. Үүнийг шийдвэрлэх ямар арга замууд байна вэ?
-Америк, Солонгос, Хятад гээд бусад улс оронд ч ялгаагүй ийм асуудал тулгарч байна. Монголд хувийн хэвшил сайн хөгжөөгүй, эдийн засаг төрөлжиж чадаагүй, ажлын байрны олдоц тааруу гээд асуудлууд байна. Энэ хөгжилд, дээрх асуудлыг шийдэхэд гурван талын түншлэл маш чухал. Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ хувийн хэвшлээ дэмжих, МҮЭХ, ажилтнуудтайгаа хамтран энэ чиглэлд улам сайн ажиллах шаардлагатай байна. Хөдөлмөрийн зах зээлээ дэмжих, залуусын ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр гурван тал хамтран ажиллах нь чухал. Ихэнхи улсад Хүний нөөцийн холбоо гэж бий. Солонгос, Япон зэрэг улсад ийм холбоод, клуб дээрх чиглэлээр сайн ажилладаг.
-Монгол Улс Албадан хөдөлмөр эрхлэлтийг хориглох конвенцод нэгдсэн. Гэсэн ч бүтээн байгуулалтад цэргүүдийг дайчилъя, оролцуулъя гэх хандлага байсаар байна. Тавантолгойн төмөр зам дээр ажиллуулсан кейс ч бий. Одоо ч зам, барилгын салбарт ажиллуулах сонирхол цухалзсаар байна. Энэ тус гэрээг зөрчиж байгаа үйлдэл мөн үү?
-Монгол Улс энэ талаар маш сайн хүчин чармайлт гаргаж байна. Албадан хөдөлмөр эрхлэлтийн талаар бидэнтэй нээлттэй ярилцдаг улс. Эмзэг сэдэв болохоор зарим улс ярьдаггүй, хаалттай байлгадаг. Эдийн засгийн, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд цэргүүдийг ашиглаж байгааг албадан хөдөлмөр гэж үзнэ. Түүнд оролцсоноор цэргүүд амь насаа алдах хүртэл асуудалтай тулгарч болно. Ээж, аавууд үр хүүхдээ ажил хийлгэх биш, эх орноо хамгаалахад суралцуулахаар явуулдаг. Дээрх  нөхцөл байдлаас гарах хэрэгтэй. Энэ талаар дэлгэрэнгүй ярилцаж болно. ОУХБ бие даасан хяналтын тогтолцоотой, хөдөлмөрийн мэргэшсэн шинжээчтэй. Мьянмар улсад албадан хөдөлмөрөөс үүдэлтэй хориг ч тавьж байсан.

“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб