Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний өв соёлыг харуулсан радио, телевизийн бүтээлийн уралдаан зарлаж буйгаа мэдэгдэж, хэвлэлийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Тэрээр энэ үеэр "Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл, телевиз, радиог шалгаруулах уралдааныг албан ёсоор зарлаж байна. Гол зорилго нь удахгүй болох Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр шийдвэрлэсэн ч үндэсний өв соёл, түүх уламжлалыг харуулсан хүүхэд залууст эх оронч, үндэсний үзэл, бахархлыг төлөвшүүлэхэд чиглэсэн радио, телевизүүдийн бүтээлийг нэмэгдүүлэх юм. Цаашид өргөн нэвтрүүлгийн үндэсний бүтээлийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзлээ.

Тиймээс өв соёлоо сурталчлах, иргэдээ соён гэрээрүүлэх ажлыг хамтдаа хийцгээе. Энэ ажил үндэсний баяр наадам, гол гол түүхэн ойнууд үеэр зохион байгуулагдана. Сүүлийн 30 жил уул уурхай ярилаа. Ярихгүй гээд ч яахав. Гэхдээ соён гэгээрүүлэх, хүний ёсны чиглэлээр ярихгүй орхисон байна. Тиймээс Засгийн газрын дэргэд Үндэсний соёл, урлагийн зөвлөл байгуулан ажиллаж буй. Сүүлийн үед телевиз, радио харахад гадаадын нэвтрүүлгүүд олон гарч байна. Мэдээж дэлхийтэй хөл нийлүүлж алхахын тул бусад орны нэвтрүүлэг, зан заншил, киног үзнэ. Гэхдээ үндэсний контент, урлаг, соёлоо түлхүү гаргах нь чухал. Ийм ажлыг хийх ёстой. Иргэд, хүүхдүүд монголоор сэтгэж, эх орноо хайрладаг байх учиртай" хэмээлээ.