Биткойн нэрээр алдаршсан цахим мөнгийг Хятадын хуульд харшилсан зүйл хэмээн тус улсын Хятадын ардын банк болон Засгийн газрынх нь хэд хэдэн агентлагаас мэдэгдлээ. Түүнчлэн цахим валют буюу ICO-гоор дамжуулж хөрөнгө босгосон Хятадын компаниудыг хөрөнгө оруулагчдадаа нөхөн олговор өгөхийг зарлигдав.

Энэ сарын 4-нд гаргасан тус шийдвэр даруй хүчин төгөлдөр хэрэгжиж, олон улсад багагүй шуугиан тарилаа. Тиймээс ч энэхүү мэдэгдлийн дараа Bitcoin, Ether тэргүүтэй цахим мөнгөний ханш хэсэг зуур унасан юм. Ардын банкны мэдэгдэл цахим мөнгөний зах зээлийг хямруулсан. Ингээд зогсоогүй, Хятадтай түншилж ажилладаг, токенд суурилсан компаниудад нарийн хяналт шалгалт хийх эхлэлийг тавьж ихээхэн хүндрэл учруулах нь.

Хятадын эрх баригчид токены хууль бус худалдаа, хууль бус бонд гаргах, хууль бусаар хөрөнгө босгох, пирамид схем болон гэмт хэргийн шинжтэй асуудлуудад санаа зовнисон бололтой. Тэдний хийх эхний алхам бол токенд суурилж хөрөнгө оруулагчдаас татсан мөнгийг нь буцаан олгуулах юм.

Токенд хоёр ялгаа бий.Нэг нь мөнгөн тэмдэгтийн цорын ганц өөр хувилбар, нөгөөх нь үйлчилгээ үзүүлэх хэрэгсэл. Гэвч тус улсын эрх баригчид энэхүү ялгааг мэддэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж “Varlamov” сайтад нийтэлжээ. Цахим мөнгөний зах зээл өргөжихийн хэрээр ялгана гэдэг хэцүүхэн болно. Өөрөөр хэлбэл, энэ нь компани, технологи хоёр одоогийн бүтцэд нийцэхгүй гэсэн үг юм.

Биткойны тухайд

Биткойн нь цахим мөнгө. Үүнийг ашиглан цаасан мөнгөний адил юуг ч худалдан авч болно. Биткойныг анх 2008 онд программистууд хийж, түүнээс хойш одоог хүртэл эрчээ авч, зах зээл нь өргөжин тэлсээр буй

Биткойн -ийн цаана зөвхөн тоогоор илэрхийлсэн дижитал файл л бий. Цаасан мөнгөний цаана алт байж, үнэ цэнэтэй болгодог бол Bitcoin-ийг үнэ цэнэтэй болдог зүйл нь түүний сүлжээ юм” хэмээн С.Ерөөлт блогтоо эш татжээ. Монгол төгрөг Монгол Банкнаас хамааралтай, гадаадын валют ч улс орныхоо төв банкны бодлоготой шууд уялдаатай байдаг. Харин биткойн төвийн бус, цэвэр эрэлт нийлүүлэлтээс ханш нь тогтдог ажээ. 

Цаасан мөнгөнөөс ялгарах онцлог нь хил дамнуулан шилжүүлэхэд бага шимтгэл авдаг. Тухайлбал 100 ам.доллар шилжүүлэхэд 30-40 ам.долларын шимтгэлтэй бол биткойн ердөө есөн ам.доллар. Энэ мэт давуу талаас үүдэн цахим мөнгөний ханш өссөөр байгаа. Улс орнуудын хууль дүрмээс шалтгаалж нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдлөө.