Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних 4 хүн хүч хэрэглэн 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ этгээдүүд ТЕГ-т ажилладаг тул Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө дээрх этгээдүүдийг дайчлан баривчлан саатуулж, Тагнуулын ерөнхий газартай хамтран шалгалтын ажиллагааг явуулж байна.

Уг дээрмийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гэмт хэрэг үйлдэх үедээ галт зэвсэг хэрэглэсэн гэсэн нь ташаа мэдээлэл аж. Гэхдээ ТЕГ-т ажилладаг нь үнэн гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.