“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

Б.Номин
05 сарын 04, 2026

Баянгол дүүрэг-ийн 3 дугаар хороо, “Барс” захын хойд хэсэгт байрлах 2612 ам метр талбайг өнгөрсөн сард чөлөөлжээ. Тус талбайд сэргээн засвар хийж, улирлын чанартай өдрийн худалдаа, үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажилласан байна.

Тус газар нь “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгт хамаарах бөгөөд 2000-аад оны үед “Восточный альянс” ХХК-д эзэмшүүлсэн байжээ. Газрыг чөлөөлөх ажлыг өнгөрсөн сараас эхлүүлсэн байна.

Харин “Восточный альянс” ХХК-д “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд өөр байршилд газар олгох бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээнд холбогдох боломжтой, одоогийнхоос илүү талбай бүхий, нэгдүгээр эгнээнд худалдаа, үйлчилгээ эрхлэх зориулалттай орон сууцны барилга барих нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн уг талбайн ойролцоо үйл ажиллагаа явуулж буй найман нэрийн хоёр дэлгүүр нүүх санал гаргасан бөгөөд одоогоор газрын үнэлгээ хийж байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэл 2026 оныг бизнесийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд чөлөөлсөн талбайд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон гар дээрээс худалдаа эрхлэгчдийг дэмжих зорилгоор жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, сүү, цагаан идээ худалдаалах улирлын павильон байгуулна” хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр мөн “Ажлыг ирэх долоодугаар сараас өмнө дуусгана. Улирлын чанартай худалдаа нь ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Үүнээс гадна нийслэл болон дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгт хүрээлэнг сэргээн засварлаж, нийтийн бие засах газар, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэнэ” гэв.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Холбоотой сэдвүүд

нийслэл хот2026

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.